Эрх баригч МАН-ын зодоон ил бас далд үргэлжилсээр байна. Энэ сарын сүүлээр тус намын их хурал болно. Яг энэ өдрүүдэд их хурлын төлөөлөгчдөө сонгох ажлыг намынхаа анхан шатны байгууллага дээрээ хийж байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн тус намын дарга хэн болох вэ? гэсэн халуун яриа гишүүд дэмжигчдийнх нь дунд өрнөж байна.
МАН-ын даргын төлөө өрсөлдөөнд хоёр гол хүч үзнэ гэсэн таамаг явж байгаа. Нэг нь мэдээж хэрэг УИХ дахь 65-ын бүлгийнхээ 33 гишүүнийг атгачхаад байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Харин нөгөө талд нь 32 гишүүнийг нэгдэл болох Ж.Эрдэнэбатын толгойлж байгаа хэсэг. Ихэнх улс төрийн хүрээнийхэн У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат нар намын даргын өрсөлдөөнд хүч үзнэ гэсэн таамаг дэвшүүлж байна.
Гэвч Ж.Эрдэнэбатын хувьд намын даргын өрсөлдөөнөөс өөрөө гарах хүсэлтэй байгаа гэсэн. Үүнийгээ ч одоогийн намын дарга М.Энхболдод уламжилсан гэх мэдээлэл байна. Ийм нөхцөлд М.Энхболд намын даргынхаа тамга тэмдгийг зүгээр л У.Хүрэлсүхэд шилжүүлэхийг хүсэхгүй. Хэрэв өөрийн талын хүнээ намын дарга болгох юм бол УИХ-ын даргын суудлыг ч хамгаалж үлдэж чадна. Энэ утгаараа түүний хувьд Д.Хаянхярвааг МАН-ын даргын төлөө өрсөлдүүлэхээр бэлдэж эхэлсэн мэдээлэл байгаа юм.
Д.Хаянхярваа гишүүний хувьд 65-ын албан ёсны бүлгийн дарга. Гэхдээ бүлгээ бүрэн дүүрэн зангидаж хараахан чадахгүй байгаа. 33 болон 32-ын бүлгийг нэгтгэх гэж чармайх ч үгүй яваа гэсэн шүүмжлэлд өртөх болсон. Гэхдээ намын даргын өрсөлдөөнд 32-ын бүлгийн дэмжлэгийг авах магадлал тун өндөр гэнэ. Түүнтэй тус бүлгээс өрсөлдөөн үзүүлэх хүн нь С.Бямбацогт байж болзошгүй ээ.
Одоогийн байдлаар МАН-ын даргын төлөө У.Хүрэлсүх, Н.Дэмбэрэл нар өрсөлдөх нь тодорхой. Үүн дээр нэмээд Т.Аюурсайханы нэр бас дуулдаж байна. Т.Аюурсайханы хувьд Сү.Батболдын фракцын төлөөлөл. Мөн С.Баяр ирж намын дарга болох хүсэлтэй ч Элчин сайдын суудлаас чөлөөлөгдөх өргөдлийг нь Засгийн газар хүлээн аваагүй байгаа. Энэ нь боломжийг нь хааж байгаа юм.