Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндсэн хуулийн хүрээнд олгогдон эрхээ эдэлж, ажлаа л хийж байна. Түүний бүрэн эрхийн хүрээнд дархлагдсан нэгэн боломж нь Улсын Их хурлаас гарч байгаа хууль тогтоомж бүрт хориг тавих боломжтой. Энэ бол Ерөнхийлөгчийн ажил.
Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнхөө ажлыг л хийж байна. Тэр Улсын Их хурлаас баталсан Засгийн газрын гишүүдийг томилсон тогтоолд хэсэгчлэн хориг тавив. Тэр ийм эрхтэй. Эрхээ эдэлж, ажлаа л хийсэн нь тэр. Харин үүнийг нь шүүрч аваад л шүүрс алдаж, эмгэнэн гашуудаж, элдэв үгээр муудалцсан хүмүүс нь эрх баригч МАН-ынхан. Тэд харин ч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй гээд шууд шийдчихийн оронд нэг нэгнээ буруутгаж, хэл амаар доромжилж, хэмлэлдэж, хэлэх хэлэхгүй үгээр бие биенээ идсэн, бас буруутгасан. Сүүлдээ Ерөнхий сайд нь намынхаа гишүүдийг үг хэлээр дайрч давшилсан. Үүнд Ерөнхийлөгч ямар буруутай гэж вэ?
Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит хориг буюу 2 дахь шийдвэрээ Улсын Их хурлаас баталсан 2017 оны төсвийн тодотголд хориг тавив. Өнөөдөр уг асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ. Бас л эрх баригч МАН-ынхан нэгнээ буруутгаж, бурууг Ерөнхийлөгчид наах гэж оролдож байна. Ажил хийх гэхээр хийлгэхгүй байна хэмээн айлын эрх жаал шиг гомдолтой үгийг МАН-ын гишүүд хэлж сууна. Ерөнхийлөгч бол ганцхан. Харин парламентад МАН-ын 65 суудал байна. 65 кноп дарах эрх байгаа гэсэн үг. Ганц хүний хоригийг хүлээн авна, эсвэл авахгүй гээд л шийдэхэд цаг хугацаа орохгүй, Муу муухайгаа дуудалцахгүй. Гэтэл өнөөдөр ч бас л Төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй гэх шийдвэрийг МАН-ынхан гаргах гэж хэмлэлдээд авав.
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын нэгдсэн чуулганд оролцохдоо өөрийн баримталсан бодлого, яагаад хориг тавьсан талаараа тайлбар өгөв. Тэр үндсэн хуулийн хүрээнд олгогдсон эрхээ эдэлж, зөвхөн ажлаа хийж байгаа гэдгээ тайлбарлаж байна. Түүний зөв. Тэр ажлаа хийх эрхтэй. Түүнийг хуулийн хүрээнд ажлаа хийхэд хэн ч саад болох ёсгүй.
Эрх баригч МАН-ынхан уйлан дуугарч, уурлаж, бухимдаж, асуудлыг Ардчилсан нам, Ерөнхийлөгчөөс хайгаад хэрэггүй. Харин ч 65 гишүүнтэйгээ учраа олж чадахгүй, хэдэн тийшээ хараад суучихсан, хэлэх үг, хийх ажлаа мэдэхгүй яваа гишүүдээсээ эхлээд хариуцлага нэхэх цаг. МАН-ын 33 болон 32-ын бүлгийн гишүүд л намаа муухай харагдуулж байна. Улсын Их хурлын ажлыг хүч үгүй болгож байна. МАН-ын 33 боон 32-ын бүлгийнхэн л нэг нэгнээ үгээр хэмлэж, үйлдлээр зүхэж, идсэн уусан, завшсан, хуссан бүхнийг нь өөрсдөө л хэлж, бас илчилж өгөөд байна. Тэдэнд бүх л боломж нь байгаа хэрнээ хийх биш хэрэлдэх гэж л парламентад 65 суудалтай болсон мэт аашилж байна.
Ж.Эрдэнэбатын засгийн газрынхан ажил нь болохгүй болохоор л өмнөх засгийн газрын алдааг бид засах гэж зүдэрч байна хэмээн уйлан дуугардаг байсан. Тэд бүтэн жил л яг ийм тайлбартайгаар явсан. Бас ажил хийсэн.
Харин өнөөдөр У.Хүрэлсүхийн засгийн газрын сайд нар Ж.Эрдэнэбатын засгийн газрын бодлогыг л хийх гэж байна хэмээн үглэх болов. Үүний тод жишээ нь төрийн албан хаагчдад тараах 55 тэрбум төгрөг. 300 мянган төгрөгийг нэг төрийн албан хаагч авна. Үүнийг 2017 оны төсөвт Ж.Эрдэнэбатын засгийн газар тусгачихсан байсан. Үүнийг л Улсын Их хуралд оруулж ирээд л батлуулсан хэмээн У.Хүрэлсүхийн засгийн газрынхан үглэх боллоо.
Харин хариуд нь Ж.Мөнхбат зэрэг өмнөх засгийн газрын гишүүд 55 тэрбум төгрөгийг Ж.Эрдэнэбатын засгийн газар жижиг дунд үйлдвэрлэлд зарцуулахаар тусгасан байсан. Түүнээс бэлэн мөнгө тараахад тэр мөнгийг оруулаагүй. Засгийн газрын сайд нар худлаа ярьж байна хэмээн уурсах болов.
Үүнээс харахад Ж.Эрдэнэбатын засгийн газар АН-ын үед ажиллаж байсан Засгийн газрыг муулсан. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар өмнөх Ж.Эрдэнэбатын засгийн газрынхаа алдааг засаж байна хэмээн үглэж дуулсаар өдөр хоногийг өнгөрөөх бололтой. Эндээс нэг л ойлгомжтой байгаа зүйл нь 65 суудалтай эрх баригч МАН-ынхан өөрсдөө л ажлаа хийхгүй өрөөлөөс алдаагаа хайж байгаагаас болж асуудал нь улам буглаж, идээ бээр нь тэсэрч хагарах гээд байна.