Банк дээрэмдсэн хэрэг өчигдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шөнийн зах худалдааны төв дотор болсон билээ. 2017 оны 11 сарын 08 өдрийн 19:20 цагийн орчим тус худалдааны төв дотор байрлах ХААН банкны салбарт буутай, баг зүүсэн 3 этгээд орж дээрэм хийсэн гэх мэдээлэл гараад байв.
Шөнийн зах худалдааны төвд байрлах ХААН банкны тус салбар нь өдөр бүр шөнийн 22:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулдаг юм байна. Ийнхүү үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байхад 19:20 цагийн орчим дээрэм хийхийг завдсан 3 этгээд баг зүүж, буутай банкинд орж иржээ. Цагдаагийн Ерөнхий газрын эх сурвалжийн мэдээлэлж байгаагаар бол 3 этгээдийн 2 нь банкинд орж айлган сүрдүүлсэн. Харин нэг этгээд нь гадаа үлдэж хүн харж байсан гэнэ.
Цагдаагийн бие бүрэлдэхүүн хэрэг болсны дараа дуудлага авсан цагаасаа эхлэн гэмт этгээдүүдийг эрэн хайх ажиллагааг явуулжээ. Банкны дүрс бичлэгийн камерт өртсөн тэдний дүрсийг нягталж, албан байгууллага, гудамж талбайд байрлах хяналтын камерын тусламжтайгаар цагдаагийнхан хэргийг шуурхай илрүүлсэн гэх мэдээллийг өгч байна. Банкнаас дээрэм хийхээр завдсан 3 этгээд нь 16 настай, 17 настай, 18 настай өсвөр насны хөвгүүд байжээ. Тэдний хувьд банкны дээрэм хийхийн тулд үрлэн сумтай буу ашигласан байна.
Цагдаагийн газрын зарим эх сурвалжийн хэлж байгаагаар бол уйдсан залуус зугаацах гэж уг гэмт хэргийг хийсэн байж болзошгүй байгаа гэнэ. Гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэгдэн баригдаад байгаа хөвгүүд нь амьдралын боломжтой, ар гэрийн ямар нэгэн гачигдалгүй айлын хүүхдүүд. Ер нь бол чинээлэгдүү айлын хөвгүүд байсан гэх мэдээллийг албан бус эх сурвалж өгч байгаа юм. Мөн зарим эх сурвалжийн хэлж байгаагаар эдгээр хөвгүүд нь өндөр төлбөртэй хувийн сургуульд суралцдаг гэнэ.
Цагдаагийн байгууллагын зарим эх сурвалжийн хэлснээр бол дээрх хөвгүүд нь зугаацахын тулд уг хэргийг үйлдсэн байж болзошгүй байгаа гэнэ.
Эрүүгийн хуулийн 17-р зүйлийн 22-оор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Уг зүйл заалт нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэн заналхийлж авахаар довтолсон бол 2-8 жилийн хорих ялаар шийтгэнэ.
Мөн зохион байгуулалттай, зэвсэг хэрэглэхээр завсан бол ялыг нэмэгдүүлэх үндэслэл боддог байна.