Д.Сумьяабазар сайд Ерөнхийлөгчтэй хавсарч ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг огцруулах уу?
У.Хүрэлсүхийн Засгийн газраас иргэд их зүйл хүлээсэн. Гэвч хүлээлт нь талаар болох шинж өдөр өнгөрөх тусам илүү тод ажиглагдах боллоо. Салбар хариуцаж эхлээд сар ч болоогүй сайд нар хоорондоо маргалдаж, агентлагийг булаацалдаж эхэлжээ.
Тухайлбал 2018 оны төсвийн тухай хуулинд Сангийн яамны харьяанд Ашигт малтмалын газрыг авахаар төлөвлөж өгсөн. Үүнд нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар уурсаж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай чамгүй маргаан өрнүүлсэн мэдээлэл гарсан билээ. Энэ хоёр эрхэм бүлгийн хурал дээрээ бараг л зодолдох шахсан гэж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазарын хувьд салбарынх нь гол агентлагийг сангийн яам булаачхаар надад ашиггүй. Ашигтай гэсэн бүхнийг булааж авчхаад ямар бодлого хэрэгжүүл гэж байгаан хэмээн бухимджээ. Энэ бүхний дараа ашигт малтмалын хуулинд өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдэх гарцыг хайхаар болж тохиролцсон сурагтай.
Уул уурхайн сайд Д.Сумьяабазарын маргалдаж байгаа бас нэг сайд нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар. Өнөөдөр засгийн газрын бүтцийн хүрээнд Эрдэнэс таван толгой, Эрдэнэс Монгол, Эрдэнэт үйлдвэр гэх мэт уул уурхайн томоохон төрийн өмчит компаниуд бүгд ЗГХЭГ-ын даргын мэдэлд байдаг. Үүнийг нь Уул уурхайн сайдын мэдэлд шилжүүлж өгөхийг Д.Сумьяабазар сайд шаардаж эхэлсэн байна. Харин ЗГХЭГ-ын дарга Г.Зандашатарын хувьд үгүй гэсэн шуудхан хариулалтыг өгчээ. Үүнд нь хорссон Уул уурхайн сайд багагүй маргааныг дэгдээж байгаа талаарх явган яриа саарал ордонд жиргэж байна. Тухайлбал Уул уурхайн сайд Д.Сумьяабазарын хувьд Ерөнхийлөгчөөс дэмжлэг авч ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг огцруулах хүртэл улс төрийн акц зохион байгуулж болно гэсэн үгийг ч Засгийн газрын зарим сайд нар хэлж амжсан сураг дуулдаж байна.
Үнэхээр л ийм зүйл болох юм бол У.Хүрэлсүхийн засгийн газар гаднаасаа биш дотроосоо өтөж, хэврэгхэн хэн ч хүрэхэд бутарч унаж мэдэхээр дүр зураг ажиглагдах боллоо. Саяхан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Н.Дэмбэрэл нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч 4 сайдыг захиалж авсан хэмээн мэдэгдсэн. Түүнийх нь нэг нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар байх магадлалтай хэмээн таамаг яриаг олон хүн дэвшүүлж байгаа билээ. Энэ нь үнэн бол Д.Сумьяабазарын хувьд Ерөнхийлөгчтэй хавсарч ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг огцруулах бүрэн боломжтой гэж улс төрийн хүрээнийхэн харж байна.