Бүлдэгдүүлсэн улс төрчид Б.Хурцыг БНСУ-д элчин сайд болгох уу? эсвэл...!!!

Бүлдэгдүүлсэн улс төрчид Б.Хурцыг БНСУ-д элчин сайд болгох уу? эсвэл...!!!

“Огцорсон дарга нарыг гадаад улсад явуулдаг жишгийн дагуу Б.Хурцыг БНСУ-д суух элчин сайдаар илгээхээр болов” гэх шүүмжлэл сошиал орчинд ярианы сэдэв болов. Гэвч энэ бол олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлсэн цөөн хэдэн иргэний үг. Харин Б.Хурцыг БНСУ-д элчингээр илгээх шийдвэр гаргасан явдал бол монгол төрийн бодлого, Засгийн газрын шийдвэр. Энэ утгаар нь эл шийдвэрийг хүндэтгэж харахаас өөр аргагүй мэт.

Тагнуулын тухай хуульд “Төрийн байгууллагын нууцыг хадгалж байгаа тагнуулын ажилтныг тухайн албанаасаа чөлөөгдсөн тохиолдолд хоёроос гурван жилийн хугацаанд төрийн албанаас бүрэн чөлөөлөхгүйгээр тодорхой байгууллагад шилжүүлж ажиллуулна” гэсэн хуулийн заалт байдаг аж. Энэ хуулийн зохицуулалтын дагуу Б.Хурц томилолт аваад явж байгаа бололтой. Эндээс харахад хэсэг бүлэг хүмүүсийн хардаж байгаачлан Б.Хурц улстөрчдийг атгандаа оруулсандаа ийм шийдвэр гаргуулаагүй гэдэг тодорхой байна.

Тагнуулын экс дарга Б.Хурц гэж хэн бэ? 

Тэрбээр эдийн засагч, хуульч мэргэжилтэй нэгэн юм байна. Ажлын туршлагаас нь харвал “Торгон зам” ХХК-д менежер, Москва хот дахь төлөөлөгч, ТЕГ-ын ажилтан, Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга, Монгол Улсаас Турк Улсад суугаа ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга, ТЕГ-ын хэлтсийн дарга, газрын дарга, "МИАТ" ХК-ийн Сөүл дэх ерөнхий төлөөлөгч, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга, Авлигатай тэмцэх газрын дэд даргаар тус тус ажиллаж байгаад 2014 оны 11-р сарын 26-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын нэгний өдөр хүртэл ТЕГ-ын даргаар томилогдон ажиллажээ.

Түүний намтраас харахад Б.Хурц нь дан ганц тагнуулын байгууллагад ажиллаагүй, монголыг гадаад орчинд төлөөлөх дипломат албанд чамгүй олон жил зүтгэж байсан туршлагатай нэгэн болох нь ойлгогдоно. Энэ мэтийг харсны үндсэн дээр У.Хүрэлсүхийн Засгийн газар түүнийг БНСУ-д суух элчин сайдаар томилуулах санал гаргасан болов уу.  

Монголын төр 2012 онд тухайн үеийн Тагнуулын дарга Р.Болдыг Австрали улсад суух элчин сайдаар томилж байсан түүхтэй аж. Тэгэхээр Б.Хурцад өгсөн энэ удаагийн томилолт бол шинэ зүйл биш уламжлал шахуу болсон томилгоо гэдэг харагдаж байгаа юм.

Б.Хурцын томилгооны асуудлаар гишүүд юу хэлэв?

УИХ-ын гишүүдийн зүгээс ч Б.Хурцыг БНСУ-д суух элчин сайдаар томилуулах тухай Засгийн газрын шийдвэртэй санал нэг байгаагаа илэрхийлжээ.

Тухайлбал УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, “Тагнуулын байгууллага удирдаж байсан хүн Элчин сайд болж  болохгүй гэсэн зүйл байхгүй. Миний хувьд энэ томилгоог зохистой гэж харж байгаа. Гадаадад ажиллаж байсан хүн эх орондоо гүйцэтгэх ажил удирдахад муу зүйлгүй. Монгол Улсад боловсон хүчний энэ бодлого хэрэгжиж ирсэн. Тагнуулын ерөнхий газрын Р.Болд, Д.Гэрэл, Б.Хурц гээд ихэнх дарга нар гадаадад үүрэг гүйцэтгэж, Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байсан.Ажлаа гүйцэтгэчихээд дараагийн томилолтоо аваад явдаг нь хууль зөрчсөн, дипломат албанд нөлөөлнө гэх ойлголт байхгүй. Энэ бол зүй ёсны л шийдвэр” хэмээн байр сууриа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Элчин сайд гэдэг бол олон зууныг дамнасан аливаа улсын гадаад үйл ажиллагааны алтан аргамжаа болж, эзэн Чингисийн үеэс нэрлэгдэж ирсэн хүн юм. Итгэмжлэх жуух бичиг дээр нь бичсэн байдаг. "Аливаа улс орныг бүрэн төлөөлж, хэлсэн үг бүр тухайн төрийн байр суурь гэж итгэж хүлээж аваарай" гэсэн байдаг. Тэгэхээр тэр хүний үгээр л Монгол Улс аливаа асуудалд ямар байр суурьтай байгааг мэдэж болдог. Тухайн оронд очиж байгаа Элчин сайд нар бүс нутаг, соёл иргэншлээ мэддэг, хамгийн гол нь олон улсын харилцааны туршлагатай байх шаардлага тавьдаг. Ингэхдээ дипломат салбарт ажиллаж байсан, гадаад харилцаанд тодорхой хэмжээнд оролцож байсан хүмүүсийг томилдог. Б.Хурцын хувьд анхнаасаа л дипломат албанд ажиллаж байсан. Ер нь дипломат албаны хийдэг бас нэгэн ажил нь илээр бүх мэдээллийг цуглуулж, түүндээ дүн шинжилгээ хийдэг. Тагнуул бол нууцаар мэдээлэл цуглуулдаг газар. Түүнээс мэдээлэл боловсруулдаг систем нь адилхан. Тухайн орныг байнга ажиглаж, дотоод улс төрийг яаж өрнөж байгаа харж байдаг" гэх мэтээр байр сууриа илэрхийлснээс харахад Б.Хурцад өгсөн Засгийн газрын томилолт тийм ч шүүмжлээд байхаар томилгоо биш ажээ.

Б.Хурцыг ямар шалтгаанаар БНСУ-руу илгээхээр болов

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг ямар шалтгаанаар БНСУ-д суух элчин сайдаар томилуулахаар болов гэдэг асуулт олон нийтийн анхаарлыг татаж байгаа нь нууц биш.

Энэ асуудлаар Засгийн газар, Гадаад харилцааны яамтай холбоотой эх сурвалжуудаас тодруулахад, “БНСУ-д манай улсын олон мянган иргэн хууль ёсоор болон хууль бусаар ажиллаж, амьдардаг. Энэ утгаараа БНСУ нь Монгол Улсын хувьд өндөр ач холбогдол өгч, анхаарч ажиллахаас өөр аргагүй улс. Тиймээс дипломат алба болон хуулийн салбарт тасралтгүй ажилласан, мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийх өндөр ур чадвартай Б.Хурц шиг хүн БНСУ-д суух элчин сайдын албанд тохирно гэдэг төрийн бодлогоор түүнд томилолт өгсөн болов уу” гэх мэдээллийг өгч байгаа юм.

Эндээс харвал Засгийн газар Б.Хурцыг БНСУ-руу илгээх шийдвэр гаргасан нь тохиолдын нэг “дэвшүүлэн зайлуулах” томилгоо биш ажээ. Өөрөөр хэлбэл, манай төр БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн өмнө тулгамдсаар ирсэн шийдлээ олохгүй байгаа асуудлуудыг шийдвэрлэж, хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргаад ир гэсэн хүндхэн даалгаварыг түүнд энэ удаа өгсөн бололтой.

Ямартай ч түүнийг Ерөнхий сайд элчин сайдаар нэр дэвшүүлсэн бичгээ Ерөнхийлөгчид уламжилсан. Ерөнхийлөгч дэмжээд УИХ-ын даргад зөвшилцөхөөр хүргүүлээд байна. Одоо УИХ-аар Б.Хурцыг элчин сайдаар томилох эсэхийг нь шийдвэрлэх юм. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санал дээр үндэслэн Тагнуулын Ерөнхий газрын даргын албан тушаалаас Б.Хурц бууж байгаа. Мэдээж хэрэг түүнд нөлөө үзүүлж Б.Хурцыг албан тушаалаас нь буулгасан хүн нь Ц.Нямдорж хэмээх таамаг яриа байдаг. Шударга ёс ярьдаг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Ерөнхийлөгч Х.Баттулга нар санал нэгдэж тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух элчин сайдаар томилохыг дэмжив бололтой. Одоо харин УИХ үүнийг эцэслэн шийдэх эсэхийг харах л үлдэж байна. 

Р.Улам-Оргих