ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр элит үрийн аж ахуйд зориулж ХХААХҮЯ-наас 500 сая төгрөгийн техникийн өргөтгөлийн хүрээнд трактор, комбайныг УГТХ-нд хүлээлгэж өгөх арга хэмжээ болсон. Энэ зуны гантай жил Монголын хөрсөнд тэсвэртэй гэдгээ баталсан “Дархан 144” сортыг улам сайжруулах, аж ахуйн зориулалтаар хөгжүүлэхэд уг техникийн шинэчлэл дэм болно хэмээн үзэж байна.
Монгол улс хүнсний орон болох зорилт тавьж ажиллаж байгаа. Дотоодынхоо хүнсний хэрэгцээг бүрэн хангах, хөдөө аж ахуйн салбарыг “шинжлэх ухаанчаар” хөгжүүлэхэд Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн үйл ажиллагаа чухал гэдгийг тодотгосон. Үрийн аж ахуйг дэмжиж, шинэ сорт гаргахад анхаарч ажиллана гэдгээ Сайд Б.Батзориг хэллээ. Энэ үеэр Таримал ургамлын генетик нөөцийн секторын хүлэмжинд ургуулдаг “Вирүсгүй төмсний бичил булцуу " –ны үржлийн явцыг мэргэжилтнүүд танилцуулсан.
Хөрсгүй орчинд ургадаг “Вирүсгүй төмсний бичил булцуу "-г ил талбайн хөрсөнд суулгаснаар 2 дахин өсч 200 тонн элит үр болон үрждэг байна. Энэ нь цаашдаа 21 аймагт байдаг төмсний үр үржүүлэгч 28 аж ахуй нэгжид түгээгддэг. Уг булцуу нь амархан үрждэг төдийгүй хүлэмжийн нөхцлөө сайжруулахад жилд 2 удаа тарьж болно. Тэгэхээр 2 жилийн дотор дотоодынхоо төмсний үрийг бүрэн хангах боломжтой хэмээн УГТХ-ийн УБТЛ-ийн эрхлэгч О.Нинжмаа ярьсан. Монгол улсын иргэдийн төмсний нэг жилийн хэрэгцээ 180-200 мянган тонн байдаг байна.
Хөдөө аж ахуйн салбарт боловсон хүчний “шинэ давалгаа” хэрэгтэй байна
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Дархан-ХААИС-ийн удирдлагуудтай уулзлаа. Салбарын боловсон хүчнийг тасралтгүй бэлтгэж байгаа эрдэмтэн,багш нарт талархаж байгаагаа сайд Б.Батзориг уулзалтын эхэнд онцолсон. 1000 гаруй оюутантай байсан тус сургуульд өнөөдрийн байдлаар 600-гаад оюутан хичээллэж байна.Сүүлийн жилүүдэд хөдөө ахуйн салбарын үр өгөөжийг залуучууд ойлгохгүйгээс шалтгаалан энэ чиглэлийн шинэ боловсон хүчний давалгаа тасарч байгааг сургуулийн удирдлагууд онцлон хэлж байсан.
Газар тариалангийн бүс нутгийн суурьтай Дархан-ХААИС-ийн үйл ажиллагааг төрийн бодлогоор дэмжинэ. Монгол улсын иргэдийг хоолтой ундтай байлгах “баялаг” бол ХХААХҮ-ийн салбар юм. Энэ салбарын боловсон хүчний бодлого алдагдаж байгааг төрөөс дэмжиж, анхаарах цаг болсон. Хөдөө аж ахуйн сургууль нь салбар яамны харьяанд байх нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг илэрхийлсэн.
Б.Батзориг: Үйлдвэрлэгч орон болохын тулд төрөөс аж ахуй нэгжүүдийг дэмжинэ
ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн томилолт үргэжилсээр тослог ургамалын үр боловсруулах “Майнд Тэч” ХХК-ний үйл ажиллагаатай танилцсан. Уг компани нь стандартад нийцсэн Герман үрийг тариаланчдад өгч, рапс тариалуулан ургацаа 100 хувь буцаан худалдаж авдаг. Түүнээсээ 40 хувь тос, 60 хувь тэжээлийн агууламж бүхий уураг гарган авдаг байна. Тосоо цэвэршүүлэн ургамалын тос болгож, дотоодынхоо хэрэгцээг хангах томоохон үйлдвэрийг удахгүй ашиглалтанд оруулахаар бүтээн байгуулалт өрнөж байлаа. Одоогоор 500 гаад га талбайд тариалалт хийгдэж байгаа цаашдаа 100 мянган га талбайд хийхээр төлөвлөж байгаа гэсэн.
Харин рапс-аас гаргаж авдаг тэжээлийн агууламж бүхий уургийг малчдад малын өвсний хажуугаар нэмэлт тэжээл болгон нийлүүлэх боломжтой. Уг уураг нь малын өсөлт, бойжилтонд эерэгээр нөлөөлж, Монгол махны чанарт ахиц гарна гэж тус компаний удирдлагууд үзэж байлаа. Жилд 2000 тонн тэжээлийн агууламж бүхий уургийг 2,6 сая малд нийлүүлэх боломжтой гэлээ. Шинэ Засгийн газар хөдөө, аж ахуйн салбарыг улс орны хөгжлийн гарц гэж харж байгаа. Монгол улс үйлдвэрлэгч орон болохын тулд энэ мэт дотоодынхоо үйлдвэрлэгчдийг дэмжиж, хамтарч ажиллах болно гэдгээ ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг илэрхийллээ.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: “Малын удмын сангийн үндэсний цогцолбор”-ыг шинээр байгуулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Монгол малын удмын санг хамгаалах чухал овьект бол “Малын удмын сангийн үндэсний цогцолбор” юм. Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт шинээр баригдаж буй уг цогцолборын барилгын ажил 2013 онд эхэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хөрөнгө санхүүгийн гэсэн “тодотголтой” шалтгаанаар ашиглалтанд ороогүй байгаа юм.
“Малын удмын сангийн үндэсний цогцолбор” нь ашиглалтанд орсоноор мал сүргийн генийн сангийн нөөц бүрдэж, гойд ашиг шимт малыг бий болгон, Монгол малаа хамгаалж, арвижуулах үндэсний чадавхитай болох юм.
Уг цогцолборын барилгын ажлыг эрчимжүүлэх үүргийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Малын удмын сангийн үндэсний” төвийн захирал Д.Цолмонд өглөө. Ирэх оны 5-р сар гэхэд барилгыг бүрэн ашиглалтанд оруулж, үйл ажиллагаагаа эхлүүлж, Монгол малын удмын санд үр өгөөжөө үзүүлэх чухал ажлыг хариуцлагатай хийхийг хатуу санууллаа.