Саяхан сошиалаар хөгжилтэй, мөртлөө хоржоонтой үнэн гэмээр яриа явсан.
Ардын намыг анх байгуулчихаад Бодоо, Данзан хоёр лам дээр очжээ. Бодоо өөрөө шаггүй номтой шашны зүтгэлтэн учир Данзангаа дагуулан мэргэн ламаас Ардын намын хувь заяаг асуусан хэрэг. Төлөг буулгасан лам:
-Ардын нам 100 наслах юм байна. Нэр нь “Сүх”-ээр эхэлсэн хүн байгуулаад, нэр нь “Сүх”-ээр төгссөн хүний үед дуусах юм байна гэж хэлсэн гэдэг.
МАН-ын 100 жилийн ой 2021 онд тохионо, тэр үед нэр нь “Сүх”-ээр төгссөн хүн намын дарга байна гэж үзвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх байж болохоор таараад байгаа юм. Үйл явдал ч тэр зүг рүү хөтөлж байна. У.Хүрэлсүх МАН-ын даргад өрсөлдөх үү, өрсөлдөнө.
Өөр нэгэн үг бий. Могой тасравч гүрвэлийн дайтай гэсэн нэгэн үгийг С.Баяр улс төрийн өнгө аяс оруулж өөрийнхөөрөө “орчуулсан” байдаг. МАН 2012 оны сонгуулийн өмнө МАН ба МАХН гэж хуваагдсан. Энэ хуваагдлын дараахь МАН үндэсний хэмжээний намын байр сууриа алдаагүй нь үнэн. С.Баяр үнэн хэлжээ. Харин МАН одоо дахиад хуваагдвал жинхэнэ гүрвэлийн дайтай үлдэнэ. Үйл явдал бас тэр зүг явж байна. МАН-ын бүлэг өнөөдөр хоёр хуваагдсан уу, хуваагдсан. Хамгийн сонирхолтой нь 2012 онд МАН хоёр хуваагдахад тус намын ерөнхий нарийн бичгийн даргаар У.Хүрэлсүх ажиллаж байжээ. Одоо УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдахад У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж таарч байна. Тэр үеийн МАН-аас МАХН-ыг төрүүлсэн хүн нь У.Хүрэлсүх байсан бол, өнөөдөр намын бүлгээ хоёр хуваан байж Ерөнхий сайд болсон нь бас л У.Хүрэлсүх байж таарав.
2012 онд намаа хоёр хувааж Тэрбишдагва, Шинэбаяр, Улаан, Чулуунбат агсан нарыг МАН-аас хөөж байсан У.Хүрэлсүх тухайн үедээ “хэрвээ нам сонгуульд ялагдвал хариуцлагыг би хүлээнэ” гэж байв. Харамсалтай нь МАН сонгуульд ялагдсан, У.Хүрэлсүх өөрөө УИХ-ын гишүүн болж хариуцлагаа хүлээсэн юм. Удалгүй У.Хүрэлсүх тэр үеийн УИХ-ын дарга З.Энхболдын хэлснээр адилхан УИХ-ын гишүүнээ барьж зодсондоо ичээд Австрали руу зугтаасан юм. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх нь намаа ялагдуулсны хариуцлагаас зугтаж УИХ руу орсон, дараа нь УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдаад Австрали руу зугтаасан юм.
У.Хүрэлсүх бол хариуцлагаас зугтааж чаддаг шигээ бялууны амтай хэсгийг хамгийн түрүүнд хүртэж чаддаг эр. Удирдсан нам нь сонгуульд ялагдаж, УИХ-д сонгогдсон нь гишүүд нь бүлэггүй хоцорч ордонд буйдантай суулт хийж байхад, цалингаа тавж чадахгүй болсон намын аппарат нь давхар дээлийг эсэргүүцэн талбайд жагсаж явахад, үг дуугарсан цөстэй хэдэн гишүүд нь АТГ-д өдөр бүр дуудагдаж явахад У.Хүрэлсүх Австралид тарвалзаж хэвтэв. Удалгүй нам нь АН-ын урилгаар засагт багтахад МАН-аас хамгийн өндөр суудалд буюу Шадар сайдын суудалд У.Хүрэлсүх суусан юм. Түүний Австралиас эргэж ирсэн шалтгаан энэ.
Одоо У.Хүрэлсүхийн засаглалын үед 33 болон 32-ын бүлэг эвлэрэхгүй МАН ахин задарвал яах вэ. МАН жинхэнээсээ гүрвэл болох уу. Төлөгч ламын хэлснээр 100 жилийнхээ ой дээр буюу 2020 оны сонгуульд навс ялагдвал У.Хүрэлсүх хаачих вэ. Ахиад Австрали явах уу.
Нэг зүйл баараагүй, бас нэгэн зүйл бараг тодорхой байгаа. У.Хүрэлсүхийн засаглалын үед МАН-ын өнөөдрийн задрал зогсохгүй, эвлэрэхгүй үргэлжилсээр МАН 2020 оны сонгуульд ялагдах нь баараггүй тодорхой. 1997 оноос хойш МАН-ын Удирдах зөвлөлд тасаралтгүй сууж, 30 жил энэ намын өнгөтэй өөдтэй бүхнээс хүртсэн У.Хүрэлсүх 2020 оны сонгуулийн дараа намаа урьдын адил хаяад зугтах нь бараг тодорхой биз. Тэгэхдээ энэ удаа тэрбээр гүрвэл болгосон МАН-даа эргэж ирэхгүйгээр л явах болов уу даа.