Улаанбаатар хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлыг хэлэлцэв

Улаанбаатар хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлыг хэлэлцэв

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр уламжлал ёсоор Улаанбаатар хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар холбогдох албан тушаалтнууд мэдэгдэж, хэлэлцэв. Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболдын мэдээлснээр 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 4286 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 517 нэгж буюу 13.7 хувиар, гэмт хэргийн шинжтэй 2064 үйлдэл бүртгэгдсэн нь 219 нэгж буюу 11.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үйлдэгдсэн гэмт хэргийг дүүргээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 721 гэмт хэрэг бүртгэгджээ.

Залилан болон хүний эрүүл мэндэд хохирол учруулах төрлийн гэмт хэрэг буурсан бол хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 28.6 хувь, хулгайлах гэмт хэрэг 15.8 хувь, дээрэмдэх гэмт хэрэг 19.7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа нь хөдөө, орон нутгаас иргэд олноор нийслэл хотод ирсэнтэй холбоотойгоор гэмт хэргийн нөхцөл байдал хүндрэх хандлагатай байна гэж Нийслэлийн цагдаагийн газраас танилцууллаа.

Замын цагдаагийн албаны мэдээллээр 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3972 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 115, зөрчлийн шинжтэй 774 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 889 ослыг материалжуулан шалгаж байна. Зам тээврийн хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 140 хүн гэмтжээ. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 15,9 хувиар өссөн бөгөөд ХУД-ийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол харьцангуй их өссөн байна. Өнгөрсөн оны мөн үед хүний амь нас, эрүүл мэнд хохирсон осол 181 бүртгэгдэж байсан бол 2017 оны мөн үед 115 бүртгэгдсэн нь 36,5 хувиар буурчээ.

Нийслэлийн Онцгой байдлын газар 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 73 удаагийн дуудлагыг хүлээн авч, Гал унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 55, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 18 дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн байна. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын тоо 20,6 хувиар буурчээ. Өнөөдрийн байдаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчний 2, Сонгинохайрхан дүүрэгт сэжигтэй 1 тохиолдол байгааг танилцууллаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар дээрх хугацаанд төлөвлөгөөт шалгалт 100, төлөвлөгөөт бус 436, гүйцэтгэлийн 192, нийт 728 хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчилд 10.7 сая төгрөгийн торгууль шийтгэл ноогдуулж, 100 хувь барагдуулжээ. Энэ хугацаанд нийт 833 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэж байна. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвийн орчимд “City toilet” нийтийн бие засах газарт иргэдийн жимс жимсгэнэ, хүнсний ногоог хадгалж, худалдаалж байсан зөрчлийг илрүүлэн, 19 нэр төрлийн 900 мянган төгрөгийн үнэ бүхий хүнсний ногоо, жимс жимсгэнийг хураан авч улсын байцаагчийн акт үйлдэн устгасан байна.

Тус газраас цөмийн болон цацрагийн хяналтаар рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлэг болон шүдний эмнэлгүүдэд хяналт шалгалт хийсэн байна. Хяналт шалгалтад хамрагдсан 58 эмнэлэгийн үйл ажиллагаа, рентген оншилгооны төхөөрөмж, цацрагийн аюулгүй байдалд эрсдлийн үнэлгээ хийхэд их эрсдэлтэй 16, дунд эрсдэлтэй 13, бага эрсдэлтэй 29 үнэлэгджээ. Зөрчил арилгах хүртэл  26 эмнэлэгийн 28 рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагаа түр зогсоосон байна