Амагалан орчмын айл өрхүүд усанд автаж хүндхэн байдалд ороод байна. Тодруулбал Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт хөрснөөс ус гарсны улмаас гудамж талбай усаар дүүрч, айлын хашаа хороо бүхэлдээ мөстөж байна. үүгээр зогсохгүй зарим айл усанд автаж гэр дотор нь орсон ус хөлдөж эхэлсэн тухай иргэд халаглан өгүүлж байна. Энэ бүхнийг шийдэх эрх мэдэл тус дүүрэгт алга. Баянзүрх дүүргийн засаг даргыг Нийслэлийн засаг дарга батламжлаагүй байна. Хэдийгээр тус дүүргийн засаг даргаар Д.Пүрэвдаваа ажиллаж байгаа гэх боловч түүнд зарцуулах хөрөнгө байгаа эсэх нь эргэлзээтэй. Энэ иргэдтэй ойр ажиллаж байгаа ганц хүн нь УИХ-ын гишүүн С.Жавхлан гэнэ. Түүний хувьд ус зайлуулах шуудуй ухаж өгч тусалж байгаа тухай тус хорооны иргэд хэлж байна.Тэрээр шөнө техник хөлслөн авчирч ус зайлуулах хоолойг ухаж өгсөн гэлээ.
Иргэдийн хэлж байгаагаар бол ингэж усаар дүүрэх болсон нь ус зайлуулах даланг хааж боосноос үүдэлтэй гэв. 10-р хорооны усанд авсан 1-р гудамжны айл өрхүүд сүүүлийн хэдэн өдөрт гэртээ орж чадахгүй сууж байна. Сүүлийн хоёр хоног хөлдүүс болсон гэр хашаатайгаа ноцолдож мөснөөс салгаж авах гэж хичээж байгаа гэнэ. Иргэдийн хэлж байгаагаар тус хэсэгт 30-50 см гүн ус хөлдсөн байгаа бөгөөд автомашин хүртэл гудамж гатлах боломжгүй болжээ. Энэ усыг зайлуулах гэхээр онцгой байдлынханд төсөв байхгүй гэнэ. Дүүргээсээ төсөв хүсээд сууж байгаа гэдэг мэдээллийг өгч байна. гэтэл дүүрэг нь төсвөө өгөх ИТХ, түүнийг гаргах засаг дарга байхгүй сууж байна. Хамгийн олон хүн амтай баянзүрх дүүргийн эзэнтэй болгохгүй бол Нийслэлийн хэдэн мянган өрх энэ өвөл орох оронгүй оочих аягагүй болох нь байна