С.Батболд: Агаарын бохирдлыг бууруулахад иргэн, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганы “Гэр хороодод үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт салбар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Салбар хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх, нийслэлийн Гэр хороолол, дэд бүтцийн газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнхбаатар зэрэг албаныхан оролцов. Хуралдааныг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд улаанбаатар хотын Захирагч С.Батболд үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Агаарын бохирдол нь нийслэл, Засгийн газар төдийгүй бүх түвшинд хамтарч ажилласны үр дүнд шийдвэрлэгдэх асуудал юм. Засгийн газрын тухай хуульд Засгийн газрын гишүүдийн хариуцсан ажлын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах асуудал тусгагдсан. Тэгэхээр Засгийн газар энэ асуудалд нэлээн хариуцлага, үүрэгтэй ажиллах юм.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ жил зорилтот бүлгийн 3600 өрхөд сайжруулсан түлш бэлтгэж, сургууль, цэцэрлэг, эмнэлэгт 350 ширхэг дотоод агаарын чанарыг сайжруулах төхөөрөмж суурилуулах, нийтдээ 33 бие даасан болон уурын зуухтай аж ахуйн нэгж байгууллагуудыг төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбох гэх мэт тодорхой ажлыг хийхээр төлөвлөсөн. Ерөнхийдөө төлөвлөгөөний дагуу төлөвлөсөн ажлууд хийгдээд дуусч байна. Агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй. Өнөөдөр болж буй салбар хуралдаанаар гэр хороололд үүсээд буй бохирдлыг хэрхэн, яаж бууруулах вэ гэсэн асуудлыг хөндлөө. Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулбал агаарын бохирдлоос сална. Тиймээс орон сууцны хангамжийг сайжруулахын тулд энэ жил Азийн хөгжлийн банктай хамтраад гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хурдацтай урагшлуулсан. Үүний дагуу гол тендерүүдийн ажил зарлагдаж, бүтээн байгуулалтын ажил нэлээн хийгдсэн. Мөн БНХАУ-ын хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн 74 байрлалд нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх ёстой төвлөрсөн шугам сүлжээний ажлуудыг шийдвэрлэхээр болсон. Цахилгаан, дулааны шугам сүлжээний асуудлыг ингээд шийдчихвэл дахин төлөвлөлтийн компаниудын ажил маш томоор урагшлах юм. Мөн Ж.Эрдэнэбат сайд байх үедээ санаачилж хэрэгжүүлсэн 1000 айлын орон сууцны ажлын шавыг тавьсан гэх мэтчилэнгийн ажлыг үргэлжлүүлж байна.
Түүнчлэн нийслэлээс Улаанбаатарт газрын сан үүсгэх зорилгоор иргэдэд газраа барьцаалан орон сууцныхаа урьдчилгааг төлөх боломж бүрдүүлсэн. Одоогийн байдлаар 30-аад иргэн энэхүү санд хамрагдсан байгаа. Гэр хорооллын өрхүүд хуримтлалгүй учраас ганц барьцаанд тавих зүйл нь газар байдаг. Харин газрыг банкууд барьцаанд авдаггүй. Үүнийг Улаанбаатар хот иргэдтэйгээ зөвшилцсөний үндсэнд гурвалсан гэрээ байгуулаад газрыг нь орон сууцны урьдчилгаа болгох ажлыг үр дүнтэй өрнүүлж байна. Цаашид илүү дэлгэрүүлээд ирэх жилээс Засгийн газраас дэмжлэг авбал нийслэлд бодитойгоор гэр хорооллын янданг цөөлж чадна.
Улаанбаатар хотод жилдээ 30 гаруй мянган хүн шилжин ирдэг байсан. Харин нийслэлийн Засаг даргын зүгээс захирамж гаргаад агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд шилжилт хөдөлгөөнийг түр хориглосон. Үүний үр дүнд зөвхөн удаан хугацаагаар эмчлүүлэх, эрүүл мэндийн шалтгаантай эсвэл нийслэлд яндангийн тоо нэмэхгүйгээр ипотекийн зээлд хамрагдсан гээд 7800 иргэн л шилжиж ирсэн байгаа юм. Шилжиж ирсэн иргэдийн тоо ийнхүү 3 дахин буурсан нь тэр хэмжээгээр агаарын бохирдлын хэмжээ багассан гэсэн үг” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.