С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэг тавилттай жүжиг юм биш биз

С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэг тавилттай жүжиг юм биш биз

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал 4 өдөр үргэлжилж шийдвэрээ өнөөдөр өглөө танилцууллаа.Шүүх хурлын шийдвэрийг ахлах шүүгч М.Алдар даргалж шүүгчээр нь Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар ажилласан гэнэ.Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд яллагдагч Ц.Амгаланбаатарт 25  жил, Т.Чимгээд 24 жил, Б.Содномдаржаад 25 жилийн ялыг тус тус ял оноосон гэдгээ уншиж танилцуулжээ.Тэднийг онц аюултай гэмт хэрэгтэнд тооцон, бvлэглэн онц аюултай аргаар, шунахайн сэдлээр, захиалгаар С.Зориг агсны амь насыг хенеесен гэж vзсэн гэдэг мэдээллийг албаныхан өгч байна.

Хэрэгт буруутгагдсан 3 хүний уялдаа холбоо юу вэ?

Хэрэгт буруутгагдаад байгаа Ц.Амгаланбаатар нь  36 настай, таксины жолоочийг хөнөөсөн хэргээр 25 жилийн ял авч ялаа эдэлж байгаа нэгэн юм байна. Эрдэнэт хотын иргэн. Айлын өргөмөл хүүхэд гэсэн мэдээлэл байгаа. Хачирхалтай нь хүн амины хэргээр ял эдэлж байхдаа гэнэт л С.Зоригийг хөнөөсөн хэрэгт өөрийгөө холбоотойгоо мэдээллэж эхэлсэн гэх явган яриа бий. Үүгээр зогсохгүй Чойр дахь хорих ангиас хамсаатан гэгдээд байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарлуу мсж бичиж байсан гэх зүйлийг тухайн хүмүүсийн ар гэрийнхэн хэвлэлд ярьсан байдаг. Тэгэхээр хүн амины хэрэгт буруутгагдсан нэгэн дахин өөр дээрээ хэрэг үүрчихсэн юм биш биз гэсэн хардлага олон хүнд төрөх болжээ. Үүгээр зогсохгүй хамар хашааны иргэн Б.Содномдаржаа, өөрийн өргөмөл аавын хамаатан Т.Чимгээ нарыг хөлдөө чирчихлээ гэж ар гэрийнхэн нь шивэр авир хийж байгаа тухай зарим эх сурвалж өгүүлж байна.Ц.Амгаланбаатарын хувьд хэрэг гарах үед 18 настай байсан тухай түүний өргөмөл эгч Н.Гансүрэн хэлсэн байдаг. Дүүгээ 2000 онд л анх удаа хотод хөл тавьж байсан тухай ч өгүүлсэн нь хэвлэлийн шаргал хуудсанд буужээ.

Хэрэгт буруутгагдаад байгаа Б.Содномдаржаагийн хувьд 41 настай. Мөн л Эрдэнэт хотын иргэн. Гэр бүлээрээ хүнсний ногоо тариалдаг, үнээний ферм ажиллуулдаг нэгэн юм байна. С.Зориг агсны амь насаа алдсан 1998 онд тэрээр 23 настай байжээ. Түүний ар гэрийнхэн нь Ц.Амгаланбаатар худал хэлж хилс хэрэгт гүтгэж байна гэж өнөөдрийг хүртэл тайлбарлаж байгаа. Түүнийг 2 жилийн өмнөөс цагдан хорьж шалгаж эхэлсэн гэх мэдээллийг албаныхан өгч байгаа. Харин Т.Чимгээгийн хувьд бас л Эрдэнэт хотын иргэн. Гурван хүүхэд нөхөрийн хамт амьдардаг юм байна. Түүнрүү Ц.Амгаланбаатар шоронгоос мсж бичиж С.Зоригийн хэрэгт буруутгасан гэх гомдлыг бас л ар гэрийнхэн нь хэлдэг тухай эх сурвалж өгүүллээ. Хэрэг гарсан 1998 онд түүний бага хүүхэд 2 настай байсан талаар зарим хэвлэл тэмдэглэн бичсэн байна.

Ямар ял тулгаж шүүсэн вэ?

ХҮНИЙ АМЬ БИЕ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

91 дүгээр зүйл. Хүнийг санаатай алах

  • 1.Энэ хуулийн 91.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан бол арваас дээш, арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.                       
  • 2.Хүнийг:
  • 2.1.шунахайн сэдэлтээр;
  • 2.4 захиалгаар;
  • 2.6.өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор;
  • 2.10.хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн /энэ хуулийн 93 дугаар зүйл хамаарахгүй/;
  • 2.11.бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл;
  • 2.12.онц харгис хэрцгий аргаар;
  • 2.13.нийтэд аюултай аргаар;
  • 2.16. хоёр буюу түүнээс олон хүнийг;

дээрх зүйл ангиар буруутган Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жилийн хорих ял, Харин Т.Чимгээд 24 жилийн хорих ялыг шүүх бүрэлдэхүүн өгөөд байна. Энэ хэрэг үнэхээр ингээд шийдэгдэж байгаа юу гэдэгт олон хүн эргэлзэх биз. Шүүх хурал хаалттай болсон. Ямар нотлох баримт дээр тулгуурлан хэргийг шүүсэн тухай иргэд мэдэхгүй. Иймээс л иргэд ил болсон дээрх мэдээллийг харж эргэлзэж, бас тээнэгэлзэж эхлээд байгаа юм. Үнэхээр 3 хүнийг хэлмэгдүүлчихэж байгаа юм биш биз.

С.Зоригийн хэрэгт захиалагч нь хэн байв

Ийм асуултыг энэ шүүх бүрэлдэхүүнээс олон хүн асууна. Харин хариулалт алга. 3 хүнийг буруутай гэж шүүхээс ял өгөөд С.Зоригийг хөнөөсөн гэх улс төрийн хэрэг хаагдах учиртайм гэж үү?

Хамгийн сонирхол татаж байгаа нь уг хэрэгт буруутгагдаж байсан С.Зориг агсны эхнэр Булган шүүх хуралд оролцсонгүй. Мөн бас л холбоотой шалгагдана гэсэн Э.Бат-Үүл ч шүүх хуралд хамааралгүй өнгөрөв. С.Зориг агсны дүү шүүх хуралд хохирогчоор оролцох байсан ч тэр зүгэлсэнгүй.

С.Оюуны хувьд өндөр албан тушаал хашиж байсан нэгэн. Тэр утгаараа уг хэргийн нарийн ширийн мэдээллийг авч байсан байхыг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр тэрээр энэ хэрэг өөрт нь төдийлөн таалагдаагүй. Эсвэл уг хэрэг зүгээр л жүжиг гэж үзсэн учраас шүүх хуралд оролцсонгүй юу? Асуулт бас асуулт л үлдээсэн хэргийн шүүх хурал шийдвэрээ гаргачихлаа. Гэхдээ бүрэн хариулалтыг та бидэнд өгсөнгүй ээ.

Хамгийн хачирхалтай нь 18-23 настай хөдөөний хүүхдүүд хотод анх удаа орж ирээд С.Зориг агсны гэрийг 40 мянгатад байдгийг мэдээд олж очоод шунхайн сэдлээр амь насыг нь хөнөөсөн гэдэгт л эргэлзээд байна. С.Зориг агсны хэрэг бол улс төрийн аллага байсан гэж 18 жил та бид ярьж ирсэн шүү дээ. Харин өнөөдөр шунхайн сэдэлтэй ахуйн хэрэг болж хувираад бүлэглэн үйлдсэн шунхайн хэрэг мэт харагдуулах нь хэнд ашигтай байв. Үнэхээр захиалагчтай хэрэг юм бол яагаад тэр захиалагчийг нь түмэн олонд танилцуулж мэдээллийг нь хүргэхгүй байгаа юм вэ? Ийм л асуултыг ундруулсан эргэлзээтэй нэг хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр асуулт дагуулаад гарчихлаа.