Хотын дарга иргэдийнхээ санал санаачилгуудыг дэмжин ажиллахаар боллоо

Хотын дарга иргэдийнхээ санал санаачилгуудыг дэмжин ажиллахаар боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр иргэдээ хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн уулзалтад Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүргийн иргэд хотын даргатайгаа санал бодлоо солилцож өөрсдийн хийж бүтээсэн бүтээл болон нийслэлчүүддээ хэрэг болох шинэлэг санаа санаачилгын талаар ярилцлаа.

Баянзүрх дүүргийн иргэн Ш.Нарантуяа 2014 оноос өөрийн оршин суудаг гудамжныхаа 40-өөд айлтай нийлж “Хуримтлалын бүлэг” байгуулан амьдрах орчноо сайжруулах ажлуудыг хийсэн бөгөөд энэхүү ажил нь үлгэр жишээ болж өргөжсөөр 10 хуримтлалын бүлгэгт 200-аад айлыг нэгтгэжээ. Дүүргийнхээ “Хөгжлийн төв”-тэй хамтран байгуулсан хуримталын бүлгээрээ дамжуулан 200-аад айлынхаа дунд “Газар өмчлөгчдийн холбоо” байгуулан замаа сайжруулах, камержуулах, гэрэлтүүлэгтэй болгох ажлуудыг хийжээ. Цаашдаа харин “Газар өмчлөгдийн холбоо”-ны 200 айлынхаа дунд “Сервис центр” байгуулах хүсэлтэй байгаагаа танилцуулсан бөгөөд хотын даргын зүгээс бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлж холбогдох албаны хүмүүстэй нь холбож өглөө.

 

Чингэлтэй дүүргийн Б.Жадамбаа 2014 оноос нярай хүүхдийн хувцас өлгий оёх оёдлын цехийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр эрүүл ахуйн шаардлага хангасан даавуу мөн олон улсын чанарын шаардлагад нийцсэн “Муслин”, “Бамбаа” брендийн самбаа даавууг ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрдэг юм байна. Б.Жадамбаагийн хүсэлт болох үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдаалах төрөх эмнэлгүүдэд цэг байгуулах асуудлыг шийдэж Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар татгалзах зүйлгүй гэдгээ хэлсэн бөгөөд  “Амгалан” амаржих газарт худалдаа эрхлэх боломжтой гэсэн хариуг өглөө.

Мөн Баянгол дүүргийн иргэн С.Түвдэндоржийн гэрт өвлийн нөхцөлд тохирсон бага квт-ийн цахилгаан халаагуур, Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Ганболдын автомашины хорт утаа ялгаруулалтыг бууруулах шүүлтүүр, Хан-Уул дүүргийн иргэн Л.Эрдэнэхуягийн газрын гүний дулаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн дулааныг шийдэх зэрэг асуудлуудыг дэмжихээ илэрхийлж холбогдох газрын удирдлагуудад үүрэг даалгавар өгч хамтран ажиллахаар боллоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.