АЗХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигчид хоёр дахь удаагаа мэтгэлцэнэ

АЗХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигчид хоёр дахь удаагаа мэтгэлцэнэ

АН-ын шинэчлэлийн хүрээнд АЗХ-ны Ерөнхийлөгчийн болон тэргүүн, тэргүүлэгчдийн сонгуулийг өнгөрсөн сарын 30-нд эхлүүлсэн. Тэгвэл монгол орныг бүхэлд нь хамарч буй энэхүү үндэсний хэмжээний сунгаа ямар түвшинд өрнөж буй талаар АЗХ-ны дэд Ерөнхийлөгч П.Алтан-Од, АЗХ-ны УЗ-ийн гишүүн, Дотоод үйл ажиллагаа хариуцсан нарийн бичгийн дарга Э.Аззаяа, АН-ын намын байгуулалтын хэлтсийн дарга Л.Баттүвшин нар мэдээлэл өглөө. АЗХ-ны Ерөнхийлөгчийг сонгох сунгаа зүүн аймгуудаас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 19 аймагт амжилттай зохион байгуулсан байна. Ингэхдээ тухайн аймаг, дүүрэг тус бүрийн АЗХ-ны тэргүүн, тэргүүлэгчдийн сонгуулийг зэрэг явуулж байгаа аж. Сонгуулийн саналын хайрцгийг тухайн бүс нутгаас битүүмжлэн авчирч, АЗХ-ны байранд тусгай хамгаалалтад авсан байна. Харин битүүмжлэлийн аюулгүй байдлыг хангах тухайд нэр дэвшигчид тусгай аппликэйшн ашиглан саналын хайрцаг битүүмжилсэн өрөөөг гар утаснаасаа 24 цаг хянах боломжтойг хэлж байв.  Ерөнхийлөгчийн сунгаанд С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар нэр дэвшин оролцож буй бөгөөд өнгөрсөн хугацаанд бодлогын мэтгэлцээн хийсэн нь нийгэм, олон нийтэд хүрч, өндөр үнэлгээ авчээ. Энэхүү мэтгэлцээнийг нийт 500 гаруй мянган хүн үзэж, байр сууриа илэрхийлсэн байна. Журмын дагуу хоёр дахь мэтгэлцээнийг энэ сарын 16-ны 20.45 минутаас орон даяар шууд дамжуулахаар төлөвлөж, холбогдох мэдээллийг АЗХ-ны цахим хуудсанд байршуулах юм байна. Одоогийн байдлаар Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл, Ховд, Баян-Өлзгий, Увс аймгууд Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт зохион байгуулах бөгөөд энэ сарын 21-ний өдрийн 15.00 цагт саналыг тоолж, нэгдсэн дүнг гаргах юм. Энэ үеэр АЗХ-ны дэд Ерөнхийлөгч П.Алтан-Одоос зарим зүйлийш тодрууллаа.

П.Алтан-Од: Улс төрд шинэ давалгааг, нийгэмд залуусаа хүлээсэн хүлээлт бий болсон байна

  • Саналын хуудсыг тухайн орон нутагт нь битүүмжилж болоогүй юм уу. Заавал зөөх шаардлага байна уу?

 

  • Үүнийг ажлын хэсэг дээр нэлээд ярьсан. Залуучууд анх удаа үндэсний хэмжээний сунгаа зохион байгуулж байна. Энэ бол намын дэргэдэх байгууллагын олон шинэчлэлийн нэг хэсэг. Аймаг, дүүргийн төлөөллөөс авсан саналыг зохион байгуулалтгүй тоолж, эмх замбараагүй байдал үүсгэж болохгүй. Тиймээс нэгдсэн байдлаар хянаж, бүх оролцогчдын оролцоотой тоолох зарчим баримтална.

 

  • Анхан шатны төлөөлөгчдийн санал өгөх эрхийг хэрхэн хангав. Ерөнхийлөгчөө сонгодог байсан өмнөх зарчмаас юугаараа онцлог болж байгаа вэ?

 

  • Сум болгоноос иргэдийн төлөөлөгчдийн мандатын тоог таваар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлөөлөгчийг оролцуулж байна. Ингэхийн тулд тухайн шатны АЗХ-той хамтарч байгаа. Тиймээс тэгш оролцоог хангасан гэж үзсэн. Өмнө нь бүх аймаг, дүүргээс төлөөлөл оролцуулж сонгодог байсан нь хязгаарлагдмал хүрээнд байсан. Харин өнөөдөр тухайн бүс нутагт хүрч байгаа нь орон нутгийн залуусын оролцоог тэгш хангаж чадсан. Олон улсад энэ зарчим амжилттай туршлагуудын нэг болж, цахим орчинд саналаа авах хэмжээнд хүртэл хөгжсөн.

 

 

  • Бодлогын мэтгэлцээний ач холбогдолыг юу гэж харж байна вэ?

 

  • Бид өөрсдийнхөө оюун ухаанд итгэх цаг болсон. Гаднын туршлагыг эрж хайхаас илүү монгол залуус бодлогын түвшинд хэрхэн мэтгэлцдэг юм бэ гэдгийг харах ёстой. Бодлогын мэтгэлцээн онцлог давуу талуудтай, бодлогын түвшний асуултуудтай байдаг. Эрүүл мэнд, боловсролын асуудалд таны бодлогын байр суурь ямар байна вэ, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэж, улс орноо хөгжүүлэх вэ гэдгийг бодлогын түвшинд гарган тавьж, тухайн хүнийг олон нийтэд таниулдаг.

 

 

  • Саяхан зохион байгуулсан бодлогын мэтгэлцээний эхний үр дүнг хэрхэн дүгнэсэн бэ?

 

  • Залуучуудын байгууллага гэхээс илүү улс төрд шинэ давалгааг, нийгэмд залуусаа хүлээсэн хүлээлт бий болсон байна. Залуусын мэтгэлцээнийг олон нийтийн сүлжээ, телевизээр дамжуулсан нь олон хүнд хүрсэн сайшаалтай ажил боллоо. Мэтгэлцээний дараа нэлээд олон санал ирсэн. Тухайлбал, мэтгэлцээний дамжуулалтын хүрээг тэлэх, орон нутгийн залуус, иргэдэд хүргэх тал дээр дутагдалтай байна гэсэн. Тиймээс дараагийн мэтгэлцээнийг зохион байгуулахдаа эдгээрийг бодолцож ажиллана.