2017.11.11-ээс 12-нд шилжих шөнө ДК дугаартай машин хөлөглөсөн хэсэг залуус Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн барны гадаа ирсэн даруйдаа үгийн зөрүүгүй хамгаалагч нарыг зодсон байна. Ингэхдээ тэрбээр ганцаараа бус бүлэглэн буюу өөрийнх нь сууж явснаас гадна хоёр машин дүүрэн хүнтэй ирж багагүй үймээн дэгдээсэн байна. Түүний энэхүү үйлдлийг та барны өмнөх үүдний камерын бичлэгээс харж болно.
Гурван машинтай 10 гаруй залуус ирсэн гэж тус барны хамгаалагч нар болон тухайн баранд үйлчлүүлж байсан үйлчлүүлэгч нар хэлж байгаа юм. Барны ажилчид цагдаад дуудлага өгсөн. Гэвч энэхүү балмад танхай хэргийг үйлдсэн залуус цагдаа ирэхээс өмнө бөөндөө зугтсан гэдэг мэдээллийг эх сурвалж өглөө. Хамгийн хачирхалтай нь уг залуусын тэргүүн эгнээнд явсан нэгэн залуу нь сэлэм хуйнаас нь гарган хүний амь нас, эрүүл мэндэд халдахаар заналхийлж, хагалж, эвдэлж болох бүхнийг сүйтгэж байгааг бичлэгээс харж болно.
Бусдын биед халдаж байгаа энэ эрхэм НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү хэмээн эх сурвалж хэлж байна. С.Мөнхчулуун нь НИТХ-ын төлөөлөгч болохоосоо өмнө “ VIP security” хэмээх хамгаалалтын албыг үүсгэн байгуулан ажиллуулж байжээ. С.Мөнхчулуун нь Улс төрд орсон болохоор хувийн бизнесээ өөрийн төрсөн дүү С.Бямбацогтод шилжүүлэн өгсөн гэнэ. НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун нь өнөөдөр НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаа билээ. Харин түүний төрсөн дүү нь аархаж, бусдад уурласан уураа барны хамгаалагч нарт гаргаж зодож, тэр ч бүү хэл сэлэм гаргаж ирэн хагалж эвдэх боломжтой бүхнийг эвдэж, хүний амь насыг эрсдэл оруулах хэмжээний үйлдэл гарган танхайрсан байх юм.
Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү Самданнямын Бямбацогт уг нь өөрийн цахим хуудсандаа хүчирхийллийн эсрэг байхыг уриалсан, урлаг соёлын арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцдог нэгэн гэж түүнийг мэдэх, гадарлах хүмүүс хэлж байна.
С.Бямбацогтын дээрх танхайрсан үйлдэл нь эрүүгийн хуулийн хэд хэдэн заалтад хамаарах юм. Хуульчийн тайлбарлаж байгаагаар бол хохирогчийн биеийн байдлаас шалтгаалж хуулийн зүйл заалт өөрчлөгдөнө гэсэн юм.
Эрүүгийн хуульд дараах зүйл заалт байдаг.
11.1 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах
2.4.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
13.5 дугаар зүйл.Заналхийлэх
2.1.бүлэглэж;
2.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байгаа юм.
Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газраас прокурорын хяналттайгаар шалгахаар болсон мэдээлэл байна.Энэхүү хэрэгт нэр холбогдоод байгаа С.Б гэгч нь өөрийн цахим хуудсандаа салаавч гаргасан нэгэн этгээдийг өмөөрч бичиж байсан байх юм.
Барны үүдэнд сэлэм эргүүлсэн залуус тухайн газраас явж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн амралтын газар очиж танхайрсан мэдээлэл бас дуулдаж байгаа юм. Албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар эдгээр залуус нь амралтын газар танхайрч хутгаар нэг хүнийг гэмтээсэн тухай явган яриа гарч байна. Уг хэргийг баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа мэдээлэл байна.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулж эргэн мэдээлэх болно