Ж.Эрдэнэбатын засгийн газарт Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Ж.Мөнхбат гомдолтой байгаа. Бас ууртай байна. Түүний энэхүү гомдол нь шинэ засгийн газрын сайд нарт дайж байгаа үг дайруулж байгаа хатгаасаас нь харагддаг гэхэд болно.
Өнгөрсөн 7 хоногт УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр Ч.Хүрэлбаатарт хандаж хатуухан үг чулуудаад авсан. Худалч, хуурмаг, байр суурь нь өөрчлөгдөж байна. Бас битгий өмнөх засгийн газрын буруу мэтээр худал ярь гэх зэргээр шөвөлзсөн билээ. Үүнийг нь сонсч суусан Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатад үг дайж, энэ хоёр эрхэм УИХ-ын нэгдсэн чуулганы танхимд зүй бус үг хэрэглэн 5 орчим минут гал авалцтал хэрэлдээд авсан. Үүнийг дахин сануулах юм бол...
Ж.Мөнхбат: Энэ Засгийн газрын хамгийн эмзэг цэг нь Ч.Хүрэлбаатар болж байна. Ерөнхий сайд та уул уурхайн лицензтэй хүн авахгүй гэсэн атлаа яагаад аваад байгаа юм бэ.
У.Хүрэлсүх: Чамаар заалгах юм уу, чи дуугүй бай.
Ж.Мөнхбат: Би саналаа хэлж байна.
У.Хүрэлсүх: Чи хэн болчихоод олон юм яриад байгаа юм. Ж.Мөнхбат аа, муу нусгай минь байрандаа байгаарай. Чи ямар том болчихсон юм бэ. Муу хулгайч.
Ж.Мөнхбат: Битгий солиор. Харин чи хэн болчихсон юм бэ. Чи монголын хаан болчихсон юм уу.
У.Хүрэлсүх: Муу бацааныг казино тоглоод явж байхад нь өөд татсан гай болж дээ. Чамайг нүүрсний хулгайч гэдгийг чинь би мэднэ шүү.
Ж.Мөнхбат: Харин чамайг Австралид ажилгүй хэвтэж байхад чинь дуудаж Шадар сайд болгосон нь буруудаж. Чи өнөөдөр Н.Энхбаяраас ч том болжээ.
У.Хүрэлсүх: Монголын төрөөс хулгайлсан болгоныг чинь би мэднэ. Авлига авч томилсон бүх хүнийг чинь хална аа. Чамайг байранд нь тавих болсон байна.
Ж.Мөнхбат: Чи хаан юм уу, заан юм уу. Чи Монголын төрөөс хулгай хийгээгүй юу. Чи ч гэсэн намынхаа юмыг идээ биз дээ
Ийнхүү Ерөнхий сайдтай ам зөрөлдөөд байсан Ж.Мөнхбат гишүүний хувьд энэ 7 хоног эхлэнгүүт дахин Засгийн газрын нэг сайдтай ам хэлээ уралцан, айлын авгай нар шиг хэрэлдээд авчээ. Тодруулах юм бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат даваа гарагт болсон МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн байна. Түүний хувьд Засгийн газрын сайд нарт зэмлэл хүртээж, мөн бүлгийн гишүүддээ хандан хурлынхаа ирц дээр анхаарах талаар үг чулууджээ. Тухайлбал МАН-ын бүлгийн хуралдаан 10:00 цагт эхлэхээр зарлал тараасан. Гэвч 11:00 цагт арай гэж ирц хүрэн эхэлж байна. Өнөөдөр бүлэг бүхэлдээ хуралдаж чадахгүй боллоо. 32 болон 33-ын бүлэг тус тусдаа л хуралддаг боллоо. Эв нэгдлийг хангуулах ёстой хүн нь бүлгийн дарга. Мөн Ерөнхий сайд байх ёстой. Гэтэл та нар ажлаа хийхгүй байна. Ялангуяа Ерөнхий сайд Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслийг бүлгийн хуралд барьж орж ирээд манлайлан тайлбарлах ёстой. Гэтэл огт бүлгийн хуралд ирэхгүй байна. Хари 33-ын бүлгийг өөрийнхөө өрөөнд оруулж сэм ярилцах боллоо гэх мэтээр ширүүхэн гал асаажээ.
Харин бүлгийн хуралдаа бага зэрэг хожимдож тухалсан Хууль, зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хувьд Ж.Мөнхбат гишүүний үгийг сонсоод сууж тэвчээгүй гэнэ. Түүний хувьд Ж.Мөнхбатад хандан: Ж.Мөнхбат минь чиний гомдол яасан тайлагддаггүй юм вэ? Ирцээр уяж ажил хийлгэхгүй байгаа чинь та нарын асуудал шүү. Энэ зарчимгүй байдал чинь хэрээс хэтэрч байна. Эв нэгдлийг чухалчлах үед Засгийн газрын гишүүн бүрийг дайруулж, хүн бүртэй муудах гэж зүтгэж байгааг чинь ойлгохгүй байна хэмээн ассан гэнэ.
Хариуд нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ч зүгээр байсангүй. Ерөнхий сайд 2018 оны төсөв батлагдсан гэж хөөрцөглөөд найр хийх тухай зарыг баасан гарагт УИХ-ын гишүүдэд тарааж байна. Хуулиар бол ирэх оны төсвийг 11 сарын 15 өдөр багтаан батлах ёстой. Түүнээс 11 сарын 13 гэхэд батлана гэж заагаагүй шүү. Хүч түрэмгийлэн аливааг шийдэх гэдэг та нарын зан харин хэрээс хэтэрч байна хэмээн уурссан гэнэ. Үүний зэрэгцээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хандаж үг хэлж байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүх хажуунаас орж ирэн үгээр идсэн шүү. Түүнээс зүгээр байхад нь би үгээр дайралцаж, хэрүүл хийгээгүй хэмээн өөрийгөө өмөөрөөд авчээ. Нам доторх эв түнжинг хагалсан хүмүүс бол та нар шүү хэмээн хатуухан үг чулуудсан нь бүлгийн хуралд сууж байса 33-ын бүлгийн төлөөллийг ундуйцалд оруулж, чамгүй маргааныг дэгдээсэн гэх мэдээлэл байна.
Ийнхүү УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Хууль зүй дотоо хэргийн сайд Ц.Нямдорж нарын маргаан хүчтэй өрнөж, сүүлдээ дүрэмгүй тоглолтыг өрнүүлсэн 33-ын бүлгийн эсрэг 32-ын бүлэг мөн л дүрэмгүй тоглох болно гэдгээ хатуухан мэдэгдэж, эцэс сүүлдээ хэлэлцэж байсан асуудлаа орхин хэрүүл болсон тул бүлгийнхээ хурлыг аргагүйн эрхэнд өндөрлүүлсэн байна.