М.Энхболдын суудлыг өв залгамжлах хүн нь Д.Хаянхярваа юу?

М.Энхболдын суудлыг өв залгамжлах хүн нь Д.Хаянхярваа юу?

Эрх баригч намын зовлон дөнгөж эхэлж байна. Ийм үгийг тус намынхан ч хоорондоо ам уралдан ярьдаг боллоо. 2012-2016 оны хооронд МАН-ынханд байхгүйн зовлон их байлаа. Харин 2016 оноос хойш байгаагийн зовлонд нэрвэгдчихээд байна. Тун удахгүй хэдхэн хоногийн дараа тус намын их хурал болно. Уг хурлаар шийдэх хамгийн том ажил нь намын дараагийн даргыг тодруулах юм.

Намын анхан шатны байгууллага тус бүр дээр намын даргыг сонгох төлөөлөгчийн сонгон шалгаруулалт хэрүүлтэй, бас тэмцэлтэй өрнөж байна. Зүүний хүчний холбооныхон намын үүр бүрт анхаарч, өөрийн талын хүнээ их хурлын төлөөлөгч болгох гэж анхаарч байна. Харин хотын фракцын хувьд бас л төлөөлөгч бүрийг найдвартай өөрсдийг нь дэмжих хүн байлгах гэж шат шатандаа анхаарч эхэлсэн мэдээлэл дуулдах боллоо.

МАН-ын их хуралд 1100 төлөөлөгч сонгогдон оролцоно. Тэд намынхаа шинэ даргыг сонгох юм. М.Энхболдын хувьд намын даргын суудлаа зүгээр л алдчихгүйг хичээж байна. Гэхдээ өнөөдөртөө дундыг баримтлан аль аль талд нь оноо алдчихгүйг хичээж яваа. Үүний цаана мэдээж хэрэг намын даргын суудлаа өгсөн ч УИХ-ын даргынхаа суудалтай үлдэх гэсэн битүүхэн хүсэлтэй нь холбоотой юм. Хэрэв М.Энхболд гэдэг хүн 11 сарын 21-нд намын даргаа өгчхөөд тун удахгүй УИХ-ын даргын суудлаас уначих юм бол ёстой л хөсөр хаягдана гэгч болно. Жилийн өмнө л түүний өмнө хүн бүр бөхөлзөж байсан. Харин өнөөдөр түүнтэй 65 гишүүний хэн нь ч хатуухан үг чулуудаж, хурал дээр үгийг нь сонсож хүлээж авдаг хүн байхгүй болсон гэх юм билээ. Иймээс ёстой л шүдгүй арслан болчхоод байгаа хүн бол М.Энхболд. Гэхдээ тэр чимээгүй явж байгаа хэдий ч өнөөдөр ч хүчтэй гэдгээ нотлон харуулах цаг мөчөө хүлээж байх талтай. Иймээс ч У.Хүрэлсүхийн талынхан хамгийн их болгоомжилж, муудалцахгүйг хичээж, ая талыг нь харж байгаа хүн бол М.Энхболд.

УИХ дахь МАН-ын 33-ын бүлгийг толгойлж байгаа хүн бол У.Хүрэлсүх. Харин 32-ын бүлгийг манлайлж байгаа нь Ж.Эрдэнэбат. Түүний өмнөөс гал болон ноцож, дүрэлзэж, өөрийгөө шатааж байгаа нь Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар. Харин тэднийг хөдөлгөх эсэхийг шийдэх хүн нь М.Энхболд.

М.Энхболдын хувьд 32-ын бүлгийн дэмжлэгийг хэзээ ч авахад болно. Иймээс ч намын их хуралд тус бүлгийн дэмжлэгийг авахын тулд Д.Хаянхярвааг намын дарга болгохоор бэлтгэл ажлыг эхлүүлсэн гэнэ. Өнөөдөр өрнөж байгаа анхан шатны үүрээс сонгогдон их хурлын төлөөлөгч болох хүн бүртэй тулж ажиллах ажлыг М.Энхболдын заавраар эхлүүлсэн гэх мэдээлэл байгаа юм. Түүний энэхүү ажлын үр дүн нь Д.Хаянхярваад намын даргын суудлаа шилжүүлэх юм.

М.Энхболдын талынхан нэгэн мсж-ийг тараагаад эхэлсэн. МАН-ынхан үүсэл, бас ирээдүйн тухай явж байгаа нэгэн явган яриаг та уншсан л байх. МАН-ыг үндэслэгч Данзан, Бодоо нарын хувьд нэгэн лам дээр очжээ. Гэтэл тэрхүү лам МАН-ын эхлэл Сүх гэдэг хүнээр эхэлж бас Сүх гэдэг хүн удирдахад дуусна гэж хэлсэн хэмээх явган яриа юм. Хэн нэгэн үүнийг зориуд зохиогоод тараасан байж мэднэ. Эсвэл үнэхээр түүхийн шаргал хуудсанд ийм үйл явдал болон үлдсэн үү? Энийг өнөөдөр таахад бэрх юм.

Ямартай ч намынхаа их хурлын 1100 төлөөлөгчийн сэтгэлд санаанд ийм нэгэн болгоомжлол бий болгох сонирхол нэг хэсэг хүнд байна. Түүний цаана санаа нь мэдээж хэрэг 100 жилийн ойгоороо МАН-ынхан гудамжинд байхгүйн тулд зөв хүнийг намын дарга болгох ёстой. Нөгөө талдаа эв нэгдлийг эрхэмлэх нь чухал хэмээн тайлбарлаж байгаа юм. У.Хүрэлсүх гэдэг хүнийг намын дарга болгохгүй байх дээр дээрх санаа ажиллах магадлалтай.

Харин нөгөө талд намынхаа эв нэгдлийг эрхэмлэх санааг дэвшүүлэх боллоо. Хэрэв МАН-ынхан эв нэгдлээ хадгалж чадахгүй бол 2020 оны сонгуульд ялагдал хүлээнэ. Ардчилсан намын өмнөх жилүүдийн түүхийг давтана хэмээн анхааруулж байна. Эв нэгдлийг хангах хүн нь одоогийн байдлаар Д.Хаянхярваа хэмээн 32-ын бүлгийнхэн тодотгох боллоо. Түүнд мэдээж М.Энхболд тусалж, Ж.Эрдэнэбат дэм болох нь ээ.