Л.Болд хариуцлага хүлээж УИХ-ын гишүүнээсээ огцрох ёстой

Л.Болд хариуцлага хүлээж УИХ-ын гишүүнээсээ огцрох ёстой

Улсын Их хурлын гишүүн Л.Болд нь зэвсэг наймаалах гэж байсан хэмээн Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц Улсын Их хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр мэдэгдчихлээ. Нэг талаасаа баримт дэлгэж байгаа мэт боловч нөгөө талдаа далд нуугдаж байсан хэргийг дахин сөхөж гаргав.

Улсын Их Хурлын гишүүн Л.Болдын хувьд өөрийг нь гүтгэсэн. Нэр төрөө сэргээлгэхийн тулд шүүхэд хандана гэдгээ мэдэгдэж байна. Түүнийг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхад хуучин зэвсгийг гадаадад шилжүүлж, зарах үйл ажиллагаа явагдсан үнэн. Үүнд Монголын нэг хувийн компани мөн Оросын нэг компани оролцсон гэдэг тайлбарыг Улсын Их хурлын гишүүн Л.Болд өөрөө тайлбарлаж байгаа. Энэ асуудлаар Монголын хууль хяналтын байгууллагынхан хэрэг үүсгэн шалгаж байсан нь ч бас л үнэн.

Харин Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцын хэлж байгаа шиг Хойд Солонгост уг наймаанаас болж 2 хүн нас цаазын ял авсан эсэх нь баталгаатай биш. Тэр бол зөвхөн Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцын амнаас гарч байгаа үг. Үнэн эсэхийг лавлаж, нотлох шаардлагатай.

 

Энд ганц л үнэн зүйл байгаа нь зэвсэг зарах асуудлыг Монголын Батлан хамгаалахын яам шийдэх гэж оролджээ. Зарах гэж үйлдэл гаргасан гэдэг нь хамгийн ноцтой зүйл. Энэхүү хэрэгт яагаад Монголын хувийн компани оролцсон. Үнэхээр ийм үйлдэл гарах ёстой байсан уу? Ямартай ч ийм зүйл болсон гэдгийг Улсын Их хурлын гишүүн Л.Болд хэлж баталж байгаа.

 

Ийнхүү Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хэлсэн 2 ноцтой асуудлын дагуу Л.Болд хууль хяналтын байгууллагаар шалгуулж, асуудлаа эцэслэх ёстой. Нэгд үнэхээр зэвсэг наймаалах гэж ажил хийсэн үү? Мөн нөгөө талдаа Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны сайдаар Л.Болд ажиллаж байхдаа барилга байгууламжийн тендертэй холбоотой асуудалд орооцолджээ. Үүнийхээ гэм буруутай эсэхийг шийдүүлэх ёстой. Ийм асуудлаа шийдүүлэхийн тулд Л.Болд гэдэг хүн Улсын Их Хурлын гишүүний суудлаа өгч, сайн дураараа шалгуулах эр зориг байна уу?

 Үнэхээр л шударга, зарчимч юм бол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж байгаад дээрх асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, эцэслэн нэг талд нь гаргах нь Төрийн хүний ёс зүйд нийцэх учиртай. Ингэж чадахгүй бол энэ улс төрчдөд үнэн гэдэг зүйл алга гэдэгт олон нийт улам бүр итгэх нь гарцаагүй юм аа.