Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцыг БНСУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилох хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар гаргасан билээ. Түүнийг элчин сайдаар томилох Засгийн газрын саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Өчигдөр Б.Хурцыг элчин сайдаар томилох эсэх асуудлыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж мөн л гишүүдийн олонх дэмжив. Одоо Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар эцэслэх ёстой.
Ийнхүү Б.Хурцыг элчин сайд болгох эсэх дээр ганц л даваа үлдлээ. Харин үүнээс өмнө Б.Хурц гэдэг хүн үнэхээр шударга, зарчимч, тагнуулын дарга мөн эсэх дээр бид бодолцож үзэх шаардлагатай боллоо. Тэр үнэхээр л шударга, зарчимч, жинхэнэ тагнуулын мэргэжилтэн юм бол яагаад Улс төрчдийн идсэн, уусан, авсан, завшсан, хор найруулсан, бантан хутгасан, авлига хээл хахуультай холбоотой хэргийг эцэслэн шийддэггүй юм вэ? Түүнд баримт нь байсан бол яагаад хэрэг үүсгэн шалгаж, буруутай этгээдийг хууль хяналтын байгууллагаар шийтгэж чадахгүй байв.
Гэтэл үнэхээр хүчгүй юм уу гэхээр тийм биш юм. Улсын Их Хурлын байнгын хорооны хуралдаан дээр сууж байгаа суулт. Хэлж байгаа үг, хэгжүүрхэж байгаа дүр төрхөөс нь харахад тэр том юм. Тэр бас чадалтай, бяртай, аархаж чаддаг юм байна. Айлгаж ч бас чадаж байна. Гишүүдийг ганц үгээрээ л амыг нь хамхиулж, харцыг нь зөөлрүүлж, хэлэх гэсэн үгийг нь мартуулж чадаж байна. Тэгэхээр тэр Тагнуулын Ерөнхий газрын дарга байхдаа Төрийн нэрээр мөнгө завшсан, түмний халааснаас хумсалсан, авлига авсан албан тушаалтан бүрт хариуцлага хүлээлгэж чадахаар байжээ. Харин яагаад үүнийг хийж, хэрэгжүүлээгүй юм вэ?
Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц нь Улсын Их Хурлын байнгын хорооны хуралдаан дээр гишүүдийн асуултад хариулахдаа: Яах вэ? хариулах уу тэгээд айн,Хариулчихъя тэгэх үү? Гишүүд зөвшөөрөх үү, Товчхон хариулчихъя айн тэгэх үү!!! хэмээн том дуугарч чадаж байгаа нь үнэхээр л хэвлэлээр бичиж, олон нийт яриад байгаа шиг албан тушаалтан бүрийг бөлдөгдчихсөн гэдэг нь ойлгомжтой ч юм шиг. Үүнийг ч саарал ордонд шуугиад эхэллээ.
Тагнуулын дарга асан Б.Хурц гэдэг хүн үнэхээр л энэ албан тушаалтан бүрийн муу муухай, авлига хээл хахуулын хэргийг мэдэж байгаа юм бол асуудлыг сөхөж ил гарга. Түүнээс өөрийнхөө нэрийг хамгаалах гэж, Б.Хурц гэдэг хүн албан тушаалд очих гэж тэр баримтыг өөртөө хадгалж, өрөөлийг айлгаж байгаа бол уучлаарай Б.Хурц гэдэг хүнийг гудамжинд лааз хөшиглүүлэх нь хамгийн зөв.
Эсвэл шударга бус байсных нь төлөө түүнийг хууль хяналтын байгууллага байцааж, мэдүүлэг авч, албан тушаалтантай хариуцлага тооцоход яагаад болохгүй гэж. Ийм байж болно биз дээ.
Б.Хурц яг үнэндээ шударга хүн биш юм байна гэх дүгнэлтэд олон нийт хүрээд эхэлжээ. Үүнийг гэрчлэх үгс олон нийтийн нийгмийн сүлжээгээр хөвөрч байна. Тэр зөвхөн өөрийн хувийн эрх ашгийн төлөө л амаа нээнэ. Эс бөгөөс үгүй юм гэж үү?