Б.Хурцын өөдөөс Ц.Нямдорж сайд том дуугарч чадах уу?

Б.Хурцын өөдөөс Ц.Нямдорж сайд том дуугарч чадах уу?

Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцын өөдөөс том дуугарч, түүнд зэмлэл хүртээчих бяртай, бас чадалтай улс төрч Улсын Их Хуралд бараг л алга бололтой. Ялангуяа сайдаар ажиллаж байсан.Засагт багтсан хэн бүр л түүнд атгуулчихсан гэдэг нь ойлгомжтой болж байх шиг байна.

Улсын Их Хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр гишүүд уг нь их л чанга чанга асуулт асууж даналзахаар төлөвлөж байжээ. Гэвч Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц нь УИХ-ын гишүүн Л.Болдын асуултад хариулахдаа л гишүүдийг айлгачихсан. Яахын тэгээд ярих юм уу? Тэгээд хариулчихъя гэсэн шүд зууж, бас хэсэг бүлэгт анхааруулсан хэдхэн үг нь УИХ-ын хэд хэдэн гишүүнийг асуултаасаа буцахад хүргэсэн гэнэ.

Тухайн байнгын хорооны хурлын сурвалжилж байсан сэтгүүлчдийн хэлж байгаагаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ц.Мөнх-Оргил, С.Батболд зэрэг долоо найман гишүүн асуултаасаа буцсан мэдээлэл байна. Мөн байнгын хорооны хуралдааны үед Я.Санжмятав гишүүн хэдүүлээ энэ асуудлыг энд яриад яахын вэ? Өөр цаг хугацаанд өөр нөхцөлд ярих нь зөв хэмээн хэлсэн нь ч бас л айсан хүний үйлдэл аятай харагсан талаар Төрийн ордонд бор шувуу нисээд эхэллээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны дараа нээлттэй сонсгол зохион байгуулахаар болсон. Б.Хурцын томилгоотой холбоотой болох нээлттэй сонсгол нь түүний асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээс өмнө болох юм. Тэгэхээр энэхүү сонсголыг явуулах хүсэлтэй гэж 20 гишүүн гарын үсэг зурсан мэдээлэл байна. Харин 20 гишүүний хэд нь Нээлттэй сонсгол дээр ирж, үг хэлж асуулт асуух нь сонирхол татаж байна.

Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц нь ажлаа өгөхийн өмнө хэвлэлийн бага хурал зарлаж, хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой мэдээлэл өгсөн. Уг мэдээлэлд Ц.Нямдорж нь С.Зоригийн хэргийг нуун дарагдуулах гэж зүтгэдэг, мөн эрдэнэт үйлдвэрт шахааны бизнестэй хэмээн мэдэгдсэн билээ.

Харин хариуд нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж зул бөхөхийн өмнө жаахан бадамлаж байна хэмээн доог тохуу болгоод өнгөрч байлаа. Одоо л Ц.Нямдорж том дуугарч, гишүүдийн амыг хаалгаж чадаж байгаа Б.Хурцын өөдөөс өрвөлзөж чадах уу? Шударга ёс ярьж, зарчим байнга шаардаж явдаг улс төрч болох Ц.Нямдорж үнэхээр л хэлсэн шигээ байдаг эсэхийг энэ удаагийн нээлттэй сонсгол, эсвэл УИХ-ын нэгдсэн чуулган харуулна.

УИХ-ын гишүүн Л.Болд нь Б.Хурц нь өөрийг нь гүтгэсэн. Бас Ц.Нямдоржийг дайрсан хэмээн ярьж байна. Үнэхээр л энэ 2 эрхэм буруугүй байхад Б.Хурц гэдэг хүн худал мэдээллээр тэднийг дайрсан, давшилсан, бас гүтгэсэн бол нээлттэй сонсгол дээр Л.Болд, Ц.Нямдорж нар хариугаа авч, хэн нь хэн вэ? гэдгээ харуулах биз .

Харин Б.Хурцын хэлсэн шиг асуудалтай, амаа үдүүлчихсэн бол таг дуугүй сууж байгаад асуудлыг өнгөрөөх гэж үзнэ. Эсвэл аль нэг оронд албан ажлаар явсан нэр зүүж зугтааж мэдэх юм. Харах л үлдлээ.