Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар БНСУ-д суух элчин сайд Б.Хурцыг томилох эсэхийг хэлэлцэх байсан. Хуралдааны эхэнд уг асуудлыг хэлэлцэхгүй хойшлуулах шаардлагатай талаар гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Ялангуяа өчигдөр болсон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр нэрээ сэвтүүлсэн Л.Болд гишүүн гомдолтой байна. Түүний хувьд Б.Хурц гэдэг хүн гишүүний нэр хүндэд халдсан. Иймээс уг асуудлыг шийдэх хүртэл томилгоотой холбоотой асуудлыг хойшлуулж өгөхийг хүсч байв.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы хувьд байр сууриа илэрхийлсэн юм.
Байнгын хорооны хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцсэн. Гэхдээ УИХ-ын 21 гишүүн нээлттэй сонсгол явуулах санал гаргаад байна. Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлд хуулийн зохицуулалтыг тусгаж өгсөн байгаа. Энэ дагуу гишүүдийн эрхийг эдлүүлж, нийтийн сонсгол хийх нь зүйтэй тул үүнд Улсын Их хурал анхаарал хандуулах ёстой.
УИХ-ын гишүүн Л.Болдын хувьд дараах тайлбарыг өглөө:
Байнгын хорооны хэлэлцүүлэг ширүүн болсон. Чуулган дээр байнгын хорооны уур амьсгалыг оруулж ирж болохгүй. Энд Монгол төрийн онцгой анхаарах ёстой асуудал хөндөгдөж байна. БНСУ-д суух Элчин сайдыг томилох гэж байхад Хойд Солонгостой холбоотой асуудал ярьсан. Үүний хариултыг Монголд төдийгүй, олон улсад өгөх ёстой. Энэ асуудлыг шийдэж, томилгоог явуулах нь зөв. Хөнгөн хандах бололцоогүй юм. Дээр нь УИХ-ын нэр хүнд, улсын нууц, төрийн нууцтай холбоотой асуудал байна. Энэ бүхэнд Ц.Нямдорж даргын нэрийг дурдсан. Ц.Нямдорж дарга тайлбар хэлнэ байх. Би хүний эрхийн тухай ярьж байхад огт хамаагүй хариулт өгсөн. Тэгэхээр хэлэлцэх асуудлыг хойшлуулах хүсэлтэй байна. УИХ-ын дарга та гишүүдийн нэр төр эрхийг хамгаалах үүрэг хүлээсэн байдаг. Тэгэхээр үүргээ биелүүлнэ гэж найдаж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хувьд ч Б.Хурцын томилгоог хойшлуулах саналтай
Засгийн газрын хуралтай байсан тул байнгын хороонд сууж чадаагүй. Гэртээ хариад телевиз үзлээ. Томилгоо авах гэж байсан хүн ноцтой асуудал ярьж байна. Тэр дотор миний нэрийг орууллаа. Л.Болдод хандаж зэвсгийн наймаа хийсэн, таниас 300 мянган ам.доллар нэхэмжилсэн, таниас болж хоёр хүн цаазлуулсан гэсэн. Ингээд төгсгөлд нь Ц.Нямдорж сайд үүнийг мэдэж байгаа гэсэн. Би гайхаад, тийм бичиг ирсэн эсэхийг яамны ажилтнуудаар хайлгалаа. ТЕГ-тай ярилаа, цагдаатай ярилаа. Тэдэнд тийм бичиг байхгүй гэж мэдэгдэж байна. Гадаад харилцааны яаманд ирсэн эсэхийг шалгах хэрэгтэй. Энэ бол нэг хүний асуудал биш улсын нэр хүндийн асуудал боллоо. Би бол Хойд Солонгосын асуудал сонсоогүй одоо сонсож байна. Тэгэхээр энэ томилгоог хойшлуулаад, яриад байгаа зүйлийг нь тодруулах хэрэгтэй. Л.Болдоос болоод ямар хоёр хүн цаазлуулж, Л.Болдод ямар бичиг ирсэн юм бэ. Түүнийг тодруулах хэрэгтэй. УИХ-ын дарга та гишүүдийн эрхийг хангах үүрэгтэй. Намайг 42 сая ам.долларын шахааны бизнес “Эрдэнэт”-д хийсэн гэж гүтгэсэн. Би хуулийн байгууллагад хандсан байгаа. Ингэж тусгай албаны дарга гишүүдийн нэр хүндэд халдаж болохгүй. УИХ-ын дарга та гишүүдийн эрхийг хангах ёстой шүү. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэм буруутай гэж үзэж болохгүй тухай Үндсэн хуулиар заасан байдаг. Тусгай хяналтын дэд хорооныхоо бүрэлдэхүүнийг өөрчилж, ажиллуул. Хуулийн байгууллагад хандсан бичиг байхгүй шүү.
Харин Улсын Их Хурлын дарга М.Энхболд бөөрөнхий хариулалтыг л өгч сууна.
УИХ-аар хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын зөвлөл дээр ярилцаад шийдсэн. Түүнээс ор үндэсгүй шууд орж ирж байгаа юм байхгүй. Нээлттэй сонсгол явуулах хүсэлттэй 21 гишүүний гарын үсэгтэй бичиг надад ирсэн. Энэ асуудлыг би Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн байгаа.
Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын тамгын газрын ажилтан дараах тайлбарыг өгөв: Нийтийн сонголын хуулийн 4 дүгээр зүйлд үйлчлэх хүрээг зааж өгсөн. Ингэхдээ Засгийн газар Элчин сайдын асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д оруулж ирнэ. Тэгэхээр гишүүдийн санал бол нийтийн сонголын хуулийн хүрээнд яригдахгүй.
Харин энэхүү хариултын дараа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан байр сууриа илэрхийлж асуудлыг шийдэх гэж үзлээ: Тамгын газрын дарга та өөрийнхөөрөө дутуу дулимаг тайлбарлаж болохгүй шүү. Нийтийн ашиг сонирхлыг хөндөж болохуйц үндэслэлтэй гэж бид үзээд байна. Элчин сайд гэдэг бол нийтийн ашиг сонирхлыг төлөөлж байгаа. Томилгооны сонсгол хийх эрх нь УИХ-д байгаа гэж бодож байна.
Ийнхүү гишүүд санал хэлсний үндсэн дээр УИХ-ын гишүүний эрхийн асуудал хөндөгдсөн тул Б.Хурцыг элчин сайдаар томилох эсэх асуудлыг хойшлуулах санал хурааж, чуулганд оролцсон гишүүдийн 60 гаруй хувийн саналаар томилгоог хэлэлцэх асуудлыг хойшлуулсан юм