О.Баасанхүү гишүүн Б.Хурцыг өмөөрч, Ж.Батзандан, Ц.Нямдорж нарын зүхлийг барав

О.Баасанхүү гишүүн Б.Хурцыг өмөөрч, Ж.Батзандан, Ц.Нямдорж нарын зүхлийг барав

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэх гэж дуншаад хойшилсон билээ. Уг асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хэд хэдэн гишүүнээс гарсан гэнэ. Үүн дотор хамгийн том дуугарч, одоо хэлэлцэж шийдэх нь зөв хэмээн зүтгэсэн гишүүдийн нэг нь О.Баасанхүү.

Эрдэнэт хотоос Улсын Их Хуралд сонгогдсон О.Баасанхүү гишүүний хувьд Ц.Нямдорж, Ж.Батзандан нартай зөрчилтэй байгаа. Учир нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотойгоор байр суурь нь өөр хүмүүс. О.Баасанхүү гишүүний тайлбарлаж байгаагаар бол Ц.Нямдорж, Ж.Батзандан нар нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ард түмний мэдэлд авна гэхээсээ илүү 51 хувийн хөрөнгийг завхруулсан хүмүүст хариуцлага тооцуулахгүй далдаж өнгөрөх гэж байна хэмээн хардаж байгаа гэсэн. Үүнийгээ ч хэвлэлд өгсөн ярилцлага болгондоо дурдаад байгаа.

Харин Ж.Батзандан гишүүний хувьд Эрдэнэт үйлдвэрийн асуудлаас илүү Б.Хурц гэдэг хүнээс болж О.Баасанхүү гишүүнтэй ам зөрсөн гэдгээ хэлж байна. Учир нь О.Баасанхүүгийн сайн найз нарынх нь нэг нь Б.Хурц. Энэ хоёр найз нөхөр гэдэг утгаараа нэгнээ өмөөрч, нөгөөгөө хамгаалж байна. Иймээс л энэ асуудал дээр миний байр суурь өөрчлөгдөхгүй. О.Баасанхүүгийн хувьд найз гэж хэн нэгнийг муйхарлан хамгаалах нь буруу хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаад байна. Үүний зэрэгцээ О.Баасанхүүг зүй бус үгээр доромжилсондоо уучлал хүснэ гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хувьд нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа болж байгаа үйл явцыг дараах байдлаар тайлбарлав.

УИХ-ын гишүүдийн дунд маргалдах, мэтгэлцэх юм байна. О.Баасанхүү гишүүн бид хоёр нийтийн сонсгол хийх асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа. О.Баасанхүү эсэргүүцэж байгаа. Би бол нийтийн сонсгол хийх нь зөв гэдэг байр суурьтай байна. Яагаад гэвэл, нийтийн сонсгол хийх нь зөв гэдгийг дэмжсэн маш олон өргөдөл ирсэн. Мөн 'Эрдэнэт'-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар байр суурь зөрчилдөж байна.О.Баасанхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Худалдаа хөгжлийн банкинд өгснийг зөвтгөж, Б.Хурцтай нийлээд гүйж байна.   'Эрдэнэт'-ийн 49 хувийг Засгийн газар худалдаж авах боломжийг хууль бусаар хаахад Б.Хурц Засгийн газарт нөлөөлж, хөндлөнгөөс оролцсон гэж би хардаг. Тагнуулын ерөнхий газрын дарга энэ асуудлыг мэдэхгүй байсан гэдэгт би итгэхгүй байгаа. Тийм учраас нээлттэй сонсгол хийж, энэ асуудлыг нээлттэй болгоё. Мөн Д.Энхбат гэдэг залуугийн амь насанд хүрсэн асуудал байгаа. Үүнийг нээлттэй сонсголоор ярья. Мөн С.Зоригийн хэргийн захиалагч нь ил болох хүртэл Б.Хурцын томилгоог хойшлуулъя гэсэн байр суурьтай байгаа.О.Баасанхүү бол Б.Хурцын ойрын найз шүү.Тийм ч учраас  Б.Хурцыг өмөөрнө гэсэн. Тиймээс бидний дунд үл ойлголцол үүссэн. Гэхдээ үйл ойлголцлоо арилгаж, олон зүйл дээр хамтарна гэдэгт итгэлтэй байна. Би О.Баасанхүүгээс уучлалт гуйна. Гэхдээ Б.Хурц, 'Эрдэнэт' үйлдвэрийн байр суурь өөрчлөгдөхгүй гэдгээ хэлмээр байна. 

Нэг хэсэг эрх баригч намын шүдний өвчин болсон гишүүн бол О.Баасанхүү. Түүний хувьд эрх баригч намын ирц, 5 хүн суугаад хууль баталж байна гэх мэт олон мэдээллийг ил тод болгож байв. Харин сүүлийн сард МАХН-ын дарга болох ёстой гэсэн хийрхэлд автаж байгаа. Үүнтэйгээ зэрэгцээд хуулийн салбарынхаа төлөөлөл болсон гишүүдтэйгээ муудалцаж, маргалдаад эхэллээ.

Ц.Нямдорж гишүүний хувьд энэ О.Баасанхүү гэдэг хүн хэрээс хэтэрлээ. Маш их юм мэддэг боллоо шүү. Тагнуулын даргатай би уулзаж байхад гэж ирээд 3 удаа мэдээлэл хийлээ. Сүрдүүлээд байгаа юм уу хаашаа юм. Одоо хойд солонгост очиж уулзсан болж таарлаа. Монголын тусгай албанаас илүү мэдээлэлтэй нэг дарга энд сууж байгаа юм байна л даа. Бусдын гар хөл болж ингэж гүйхээ боль О.Баасанхүү чи хэмээн Улсын Их Хурлын нэгдсэн чуулган дээр байр сууриа илэрхийлсэн билээ.

Ийнхүү Тагнуулын дарга асан Б.Хурцын томилгоотой холбоотой Улсын Их Хурлын гишүүд бас л хэдэн хэсэг болон талцаж ил бас далд хэмлэлдээд эхэллээ. Ялангуяа нээлттэй сонсгол явуулна, эс явуулна гэсэн байр суурин дээр гишүүд маргалдаж байгаа юм. Үүний цаана Б.Хурцын нөлөө гэхээсээ илүү өөр улс төрчийн нөлөө байна гэсэн хардалт бас явж байна.