МАН-ын 28-р Их хурал энэ сарын 20-22-нд болно.Уг хуралд 1309 төлөөлөгч оролцохоор анхан шатны намынхаа байгууллагаас сонгогджээ. Эдгээр төлөөлөгчдийн 300 орчим нь хашиж байгаа албан тушаалынхаа хүчээр шууд сонгогдсон байна. Намын их хуралд оролцох төлөөлөгчид нэгд намынхаа өнгөрсөн хугацааны ажлыг дүгнэн хэлэлцэнэ. Харин үүний дараа намын дүрмийн шинэчлэлийг ярих ёстой.
Мэдээж хэрэг 1309 төлөөлөгчийн өмнө намын даргыг шинээр томилох асуудал бас хөндөгдөж байгаа юм. МАН нэрэндээ нийцсэн бодлого хэрэгжүүлэхийн тулд намын анхан шатны төлөөллөөс бага хуралд 50-иас доошгүй хувийг,удирдах зөвлөлд мөн адил хувийг оруулж төлөөллийн дуу хоолойгоо сонсох хэрэгтэй гэж намын үүрийн дарга нар үзэж байна. Намын анхан шатны үүрийн нэгжийн гишүүдийн оролцоо намын бодлогод огт тусдаггүй. Сонгуулиар л тэднийг санаж, харин бусад цагт мартчихдаг гэмтэй. Иймээс намын шинэ дүрэмд энэ асуудлыг тусгахын тулд бага хурал, удирдах зөвлөлд намын анхан шатны төлөөллийг багтаах нь зөв гэж гишүүдийн төлөөлөл үзэж байна. Ард түмний дунд амьдардаг анхан шатны гишүүдийн дуу хоолой бодлогын төвшинд тусгагдахгүй байгаа учраас намын нэр хүнд унаж, намын бодлого оновчгүй явж байна хэмээн МАН-ын 101-р үүрийн дарга Ч.Дэчингалсан, Завхан аймгийн Ургамал сумын Монгол Ардын намын дарга Б.Баасанбямба нар өнөөдөр хийсэн хэвлэлийнхээ хурлын үед мэдэгдэж байлаа.
Улс төрийн нам өдөр бүр гишүүд дэмжигчдийнхээ үгийг сонсч, дуу хоолойг ямагт анхаардаг байх ёстой. Гэтэл төрийн эрхийг барьж байгаа МАН-ын төлөөлөл болсон Төрийн өндөр албан тушаалд суусан гишүүд эрх мэдэл албан тушаалын төлөө тэмцэлдэж, зөвхөн амин хувийн эрх ашгаа л бодож намын нэр хүндийг хөсөр хаяж байна. Үүний ганц шалтгаан нь намын эрх мэдлийг бүлэг этгээдүүд авч байна. Тэд эрх мэдэлтэй, хөрөнгөтэй,албан тушаалтай эсвэл аль нэг бүлэглэлийн гишүүн МАН-ын их бага хурлын толгойд гардаг жишгийг халах цаг болсон гэж Завхан аймгийн Ургамал сумын Монгол Ардын намын дарга Б.Баасанбямба хэллээ.
Монгол Ардын намын дарга хэн болохоос шалтгаалж, энэ улсын ойрын ирээдүйд шууд нөлөөтэй. Энэ ч утгаараа тус намын анхан шатны байгууллагын төлөөлөл заавал намынхаа дүрэмд өөрсдийн санаа бодлыг тусгах нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийллээ.