Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Цагдаагийн байгууллагыг улс төрөөс хараат байлгах хүсэлтэй гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан билээ. Түүний хувьд уг салбарт 5 дахь удаагаа ирж ажиллаж байгаа. Ажиллах бүртээ уг салбарыг дэг журамд оруулж, болохгүй, бүтэхгүй, буруу гарын нөхдийг энэ салбараас арчиж хаядаг гэх явган яриа байдаг. Үүнийгээ ч энэ удаа ажил хэрэг болгон хэрэгжүүлнэ гэсэн хүлээлт нийгэмд байна.
Саяхан болсон Аймгийн засаг дарга нартай Засгийн газраас уулзах уулзалт дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мөн л хатуухан мэдэгдлийг хийгээд авчээ. Аймгийн засаг дарга нар харьяа Цагдаагийн дарга нарынхаа талаарх мэдээллийг сайн судал. Буруу талын нөхөдтэй нийлдэг, ойр байдаг Цагдаагийн дарга байх юм бол маш хурдан солих хэрэгтэй. Цагдаа нь улс төрчдөөс хараат байх ёстой. Дээр нь цагдаа нь авлига, албан тушаалаа урвуулан ашиглах сонирхолтой, дээр нь эрүүгийн элмент болсон нөхөдтэй сэм хувилдаг, албан тушаалаа буруу ашиглах ёсгүй. Ийм завхарсан байдал Цагдаагийн байгууллагад шургалсан байж болзошгүй байна. Үүнийг эртхэн мэдэж, засаж залруулах хэрэгтэй гэжээ.
Буруу гарын хулгай, дээрэмчин, авлигач гэх мэт хүнд хүмүүстэй Цагдаагийн албан тушаалтан нийлэх юм бол нийгэм завхралд орно. Ийм хүмүүсийг бага дээр нь дарж авахгүй бол томрох тусам шүдний өвчин болж, хүрээгээ тэлдэг аюултай. Иймээс л эднийг эртхэн цэвэрлэх нь зүйтэй хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдэгдэж байна.
Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагын томилгоог шат шатанд нь түр зогсоочхоод байгаа. Учир нь 2016 оны сонгуулийн дараа цагдаагийн байгууллагын шат шатны дарга нар солигдсон. Жилийн дараа дахиад л солигдоод эхэллээ. Эхний ээлжид Цагдаагийн Ерөнхий газрын дарга Энхтөрийг чөлөөлж, оронд нь Баатаржавыг томилсон билээ. Энэ хоёр эрхэм албан тушаалаа сольсон гэхэд болно. Одоо Баатаржав Цагдаагийн Ерөнхий газрын дарга, харин Энхтөр нь Хууль сахиулах их сургуулийн даргаар ажиллаж байна.
Мэдээлэл дээр үндэслэн, зарим судалгаа хийсний үндсэн дээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын заавраар аймаг, дүүргийн цагдаагийн даргыг өөрчлөх ажил хийгдэж болзошгүй гэсэн мэдээллийг өгч байна. Ерөнхийдөө холио сэлгээ бол баттай хийгдэнэ гэнэ.