Монгол Ардын намын ээлжит их хурал өнөөдөр эхэлж байна. Уг хурлаар хэлэлцэх асуудлын хамгийн анхаарал татаж байгаа нь намын дарга. Одоогийн намын дарга М.Энхболд албан тушаалаа өгөх нь тодорхой. Түүний хувьд Ерөнхийлөгчийн 2017 оны Сонгуульд өөрөө нэр дэвшин амжилтгүй оролцсон. Энэ нь хариуцлага хүлээх шалтгаан нь болов. Нөгөө талдаа М.Энхболд гэдэг хүний үгийг сонсч, аяалдан дагах МАН-ын нөлөө бүхий гишүүдийн тоо буурах болжээ. Нэг үгээр хэлбэл МАН-ын лидер нь М.Энхболд байхаа нэгэнт болив. Түүний үгэнд ордог, түүнээс шийдвэр сонсдог хүн тун цөөрсөн гэдгийг МАН-ынхан ам уралдан ярих болжээ.
Иймээс дараагийн намын дарга хэн байх вэ? Үүнд намынхаа их хуралд төлөөлөгчөөр сонгогдон ирсэн 1309 хүн хариулалт өгнө. Одоогийн байдлаар МАН-ын даргын төлөө 4 хүн өрсөлдөх хүсэлтэй гэдгээ илэрхийлчхээд байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл, МАН-ын гишүүн Г.Майцэцэг. Эд нарын хэн нь намынхаа бүрэн итгэлийн хүлээх чадвартай биш.
Зарим нэг судалгааны байгууллагын дүнг харахад дээрх 4 нэр дэвшигчийн хэн нь ч хэт олонхийн санал авах хэмжээнд яригдахгүй байна. Хамгийн өндөр санал авах магадлалтай нэр дэвшигч нь У.Хүрэлсүх. Түүний хувьд төлөөлөгчдийн 40 орчим хувийн санал авах магадлалтай. Харин үүний дараа мэдээж хэрэг Д.Хаянхярваа багтана. 30 орчим хувийн санал зулгаах боломж түүнд байна. Харин Н.Дэмбэрэл гэж залуугийн хувьд 18-20 хувийн санал авч дөнгөхөөр байгаа юм. Үлдсэн 10 хувь хаашаа л хазайж мэднэ.
Бүх нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Бүгд үгийг нь сонсч, алдааг нь ярилцаж, зөвийг нь дэмждэг намын лидер гэж байх ёстой. МАН-ын өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд ийм лидер тус намд цаг үе бүрт байсан. Тухайлбал Н.Багабанди, Жасрай нараас эхлээд сүүлд Н.Энхбаяр, С.Баяр нар МАН-ын цаг бүрийнхээ лидер улс төрч нь байжээ. М.Энхболд нь ч гэсэн нэг хэсэг энэ намын лидер улс төрч нь байсан. Түүнийг хүн бүр хүлээн зөвшөөрдөг. Түүнээс хүн бүр үг сонсдог байв. Харин өнөөдөр тийм биш. Тэр хаана, хэзээ, хэрхэн алдсан вэ?
МАН-ын олон гишүүд М.Энхболдыг 2016 оны сонгуулийн дараах томилгоон дээр том алдаа гаргасан. Мөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бас л алдаа гаргасан. Өөрөө нэр дэвших бус өрөөлийг нэр дэвшүүлж ялалт байгуулах ёстой байсан хэмээн өгүүлж байна. Үүнээс л болж М.Энхболд алсын хараа муутай, зөвхөн өөрийн амин хувиа хичээсэн бодолтой нэгэн хэмээх ойлголтыг олон улс төрчид өгсөн нь өнөөдрийн бужигнааны эхлэл болсон гэж тайлбарлаж байна.
УИХ дахь МАН-ын бүлэг 65 гишүүнтэй. Албан ёсны энэ бүлэг албан бусаар 2 хуваагдчихсан. У.Хүрэлсүхийг дэмжигч 33-ын бүлэг. Харин нөгөө талд нь М.Энхболдын нөмөр нөөлгийг мартаагүй 32-ын бүлэг. Энэ 2 бүлэг эвлэлдэн нэгдэх эсэх нь дараагийн намын даргаас шууд хамаарна. Гэхдээ уг хагарсан шаазанг эвлүүлж нийлүүлнэ гэдэг тийм ч амар зүйл биш гэдэг нь өнгөрсөн хугацааны улс төрийн өрнөлт, инээдмийн жүжгээс харж болно.
У.Хүрэлсүхийг 32-ын бүлгийнхэн огт хүлээн зөвшөөрөхгүй, хөмхийгөө зуучхаад байгаа. Үүний тод илэрхийлэл нь Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарын сайд асан хүмүүсийн санааширсан, гомдолсон, сэтгэл нь шулуудсан ширүүн үг юм. Ан цав улам бүр гүнзгийрч байгаа энэ цаг мөчид хэн ч МАН-ын дарга болсон ширүүн тэмцэл, талцал, хуваагдал үргэлжлэх нь тодорхой байна.
Яг одоогийн байдлаар МАН-д бүгдэд хүлээн зөвшөөрөгдөх лидер алга. Намын даргын төлөө өрсөлдөж байгаа У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нарын хэн нь ч гэсэн бүгдийн хүлээн зөвшөөрөх лидер биш. Тэдний хэн хэн нь зөвхөн 33 болон 32-ын бүлгийн эрх ашигт л хүлээн зөвшөөрөгдөнө. Харин нөгөө тал нь гомдол тээсээр үлдэх нь гарцаагүй ээ.