МАН 2000-аад оны сүүлээс “Зүүний хүчний холбоо” гэх бөөрөнд нь наалдчихаад салж өгдөггүй зовлонтой боллоо. Дүрмийн бус байгууллага учраас айлын дагавар хүүхдийн дайны статус ч энэ холбоонд байсангүй. Эхэндээ айлын гэрт зөвшөөрөлгүй орж ирсэн учраас хатавчинд нь сууж явсан Зүүнтнүүд өнөөдөр энэ намын, бүр засгийн хойморт гараад суучихжээ.
Анх “МАН-ыг шинэчилнэ” гэсэн зорилготой гарч ирсэн Зүүний хүчнийхэн ямагт өөрсдийгөө шинэчилж явав. “Хадгаламж” банкны мөнгөөр казинодсон гэх залуус, тэдний хүрээллийнхэн анх нэгдсэн гэх залуус нийслэл, аймаг, дүүрэг, бүр давраад сумдад салбар зөвлөлүүдээ байгууллаа. Холбооны удирдагчаар 100 хувийн саналаар тодорсон У.Хүрэлсүх үүн дээр идэвхийлэн ажиллана. Залуус айж ичихээ ч байж, ахмад үеэ үгүйсгэж эхлэв. Хүний дархлаа сулрахаар элдэв нян, вирус идэвхждэг шиг МАН-ыг уруудан доройтох үед нь хүчирхэгжиж, мандан бадрах үед нь мартагдах шахдаг байсан Зүүний хүчний холбооныхон харин 2016 оноос өөр тактик барьж, өөрийн намын байгуулсан Засгийн газрынхаа ард сүүдрийн Засгийн газар байгуулан ажилласан юм. Сүүдрийн Засгийн газрын Ерөнхий сайдаар холбооны тэргүүн бөгөөд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ажиллаж байв.
Ер нь ч “Зүүний” гэх тодотголтой энэ нэр томъёо нь өөрөө Монголын түүхийн ээдрээтэй цаг үеийг илэрхийлдэг. Монголын түүхэнд 1920-иод оны дунд үеэс зүүнтэн, баруунтан гэх нэр томъёо анх удаа хэрэглэгджээ. “Швейцарь лугаа хөгжинө” хэмээх уриа дэвшүүлж байсан Монголын удирдагчид болон Солийн Данзан нарын бодлого Коминтернд таалагдсангүй. Тиймээс илүү дуулгавартай, илүү коммунист чиг баримжаатай удирдагч нарыг гаргаж ирэхийн тулд “Зүүнтнүүд” хэмээх улс төрийн бүлэглэлийг бий болгов. Түүнд голдуу боловсрол муутай, хөдөөнөөс шилжиж ирсэн, хийрхсэн хувьсгалчдыг бэлтгэн багтаав. Тэд коминтерны зааварчилгаагаар Солийн Данзан тэргүүтэй Монголын элитүүдийг “хөрөнгөтний нийгмийг өөгшүүлсэн” хэмээн буруутгаж, дайрч давшилсаар Ерөнхий сайдын орлогчоос огцруулж, эцэст нь буудан хороов. Дараа нь ардын хөрөнгөтнүүдийг ялгаварлан гадуурхаж, өмч хөрөнгийг нь хурааж, эсэргүүцсэн нэгнийг нь буудан хороож, гадаадын пүүс, худалдаачдыг шинэ тулгар Монгол Улсаас хөөн гаргав. Хамтрал коммун гээчийг сэдэж, боломжийн хөгжиж байсан хөдөө аж ахуйг үндсэнд нь сүйрүүллээ. Товчхондоо Коминтерний хүссэн бүхнийг биелүүлэв. Улмаар 1937 оны их хядлагын хөрс суурийг бэлдэж өгчээ.
Алсын бодолгүй зүүнтнүүд энэ үедээ алсдаа өөрсдийг нь булшлахад хангалттай хүрэлцэхүйц гэмт хэрэг үйлджээ. Тиймээс коминтерн зүүнтнүүдээр баруунтныг даруулж авсныхаа дараа “Зүүнтний нугалаа. Зүүний алдаа завхрал” гээчийг сэдэж өөрсдийг нь дарж авав. Ингэж коммунистууд Монголыг дураараа захирах бололцоог өөрсөддөө бий болгожээ.
Энэ үйл явдлаас хойш бараг 90 жилийн дараа “Зүүнтнүүд” Монголын улс төрийн тавцанд дахин гарч ирлээ. Хамгийн гол нь тэд алдаагаа давтав. Зүүнтнүүд МАН-ыг самарсан үйл явдал нь энэ намар болсон ч, эхлэл нь өнгөрсөн хавраас эхтэй юм. Тэр үед МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн төлөө хөлхөж, мөлхөж явахад Зүүнтнүүд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар ордны хуйвалдаанд бэлтгэж байлаа. Улмаар санасандаа хүрч, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулан оронд нь өөрсдийнхөө толгойлогчийг Ерөнхий сайдаар томилуулж чадлаа.
Түүхийн шоглоом л юм даа. Тэртээ 1920-иод оны үед зүүнтэн, баруунтнаараа талцаж явсан хувьсгалчид өнөөдөр 32-ын А, Б-гээрээ талцаж сууна. М.Энхболдын гэх 32-ын А бүлэг нь харьцангуй ёс зүйтэй улс төрийн чиг баримжаатай бол У.Хүрэлсүхийн толгойлсон 32-ын Б бүлэг нь илүү хувьсгалч чиг баримжаатай. Энэ чинээгээрээ хурц хурц мэдэгдлүүдийг хийдэг. Жишээлбэл, Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа “Би үхэхээс айхгүй” хэмээн парламентын индэр дээрээс мэдэгдсэн нь олон хүнийг цочирдуулж байв. Энэ нь жирийн иргэдэд Монголын улс төрд бие биеэ алахаас буцахгүй хүмүүс гарч ирсэн гэх ойлголтыг төрүүлж, нийгмийг айдаст автуулав. Ерөөсөө ч нийгэм айдастай байх нь зүүнтнүүдэд ашигтай л даа. Тэрхүү айдсаар нь дамжуулж удирдахад хялбар учраас тэр.
Засгийн эрхийн төлөөх энэ тэмцэл одоо намын эрхийн төлөөх тэмцэл болж шилжиж байна. Нэгэнт Ерөнхий сайд болсон У.Хүрэлсүх одоо эрх мэдлээ бататгахын тулд намын даргад өрсөлдөнө. Эхлээд шүүмжилнэ, дараа нь албан тушаалаас нь огцруулна, эцэст нь намаас хөөнө. Энэхүү Сталинч арга барилыг чадамгай хэрэгжүүлж байгаа хүмүүс бол Зүүнтнүүд юм. Гэвч бид XX зуунд бус XXI зуунд амьдарч байна. Монгол Улс коммунист биш Ардчилсан тогтолцоотой улс. Ардын намын жирийн гишүүд дэмжигчид, Их хурлын 1309 төлөөлөгч зүүнтнүүдийг дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэхийг хүсэхгүй л болов уу. МАН-д зүүнтний ноёрхол тогтсон жилүүдэд 20 орчим мянган гишүүнээ шалгаж, хэлмэгдүүлж, 5000 гаруй намын гишүүнээ МАН-аас хөөж байсан гашуун түүхийг тэд мартаагүй. Зүүнтнүүдэд намыг хагалан бутаргаж, гишүүдээ хэлмэгдүүлж, улс орныг доройтуулж байснаас өөр гавьяатай түүхгүй. Энэ түүх өнөөдөр ч давтагдаж байгаа нь нууц биш. МАН дахин хагарал хуваагдлын өмнө ирэхэд түүнийг мөнөөх л зүүнтнүүд эхлүүлж, тэд л үргэлжлүүлж байна. МАН, МАХН болж хуваагдахад Зүүний хүчний холбооны удирдагч У.Хүрэлсүх намынхаа гал тогоог атгаж л байсан. Өнөөдөр намаа хагалан байж Ерөнхий сайд болохдоо мөнөөх л зүүнтнүүдээ хөдөлгөлөө. Магадгүй 2020 оны УИХ-ын сонгуулийн ялагдлынх нь дараа Зүүний хүчний нам ч мэндлэхэд гайхан хүн олон гарахгүй л болов уу.
эх сурвалж: өдрийн сонин