Ц.Төрхүү: Цэвэрлэх байгууламж шинээр барьснаар Улаанбаатарт үүссэн олон бэрхшээл цэгцэрнэ
Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүүтэй ярилцлаа
-Төв цэвэрлэх байгууламжийн асуудал Улаанбаатар хотын толгойн өвчин болсоор удлаа. Засгийн газрын түвшинд ярьж байгаад хоттой хамтраад цэвэрлэх байгууламжийг шинээр барих санхүүжилтийг шийджээ. Санхүүгийн ямар эх үүсвэрээр шийдвэрлэхээр болсон бэ?
-Цэвэрлэх байгууламжийн түүхээс эхэлье. Цэвэрлэх байгууламж тэртээ 1964 онд шүүх талбай нэртэйгээр зөвхөн ахуйн хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үүрэгтэй байгуулагдаж байсан түүхтэй. Хүнээр бол 60 гарч 70 шахаж яваа гэсэн үг. Цэвэрлэх байгууламж гэхээр хүмүүс зөвхөн өмхий үнэрээр л төсөөлдөг. Гэтэл Улаанбаатар хот өдрөөс өдөрт тэлж, орон сууцны хорооллууд сүндэрлэн босож байна. Их хотын механик өсөлт, олон арван арьс шир ноос ноолуурын үйлдвэрүүдтэй холбож үзэхээс өөр аргагүй. Мөн агаар хөрсийг ихээр бохирдуулж байгаа гэр хорооллыг эхлээд орон сууцжуулах шаардлагатай. Ингээд бодохоор ундны усны хангамж, гарсан бохир усыг татан зайлуулах инженерийн шугам сүлжээг нэн түрүүнд шийдэх ёстой гэж бодож байна.. Тиймээс Улаанбаатар хотыг агаар, хөрс, орчны бохирдлоос ангижруулах маш том алхам, шийдэл гэдэг талаас нь хараасай гэж хүсэж байна. Цэвэрлэх байгууламжийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж байгуулахаар боллоо. Цэвэрлэх байгууламжийг шинээр барьснаар Улаанбаатарын утааны 80 хувийг үйлдвэрлэж байгаа гэр хорооллынхны асуудал шийдэгдэх боломж нээгдэнэ. Хөрсний бохирдлыг ч бодитойгоор бууруулах боломжтой.
-Тэгэхээр цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын хэсгийг Х.Баделхан сайдыг өөрийн биеэр хариуц гэж Ерөнхий сайд үүрэг болгосон. Барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр болжээ. ТЭЗҮ нь эцсийн байдлаар бэлэн болсон гэж ойлгож болох уу?
-Энэ барилга байгууламж өөрөө маш том бүтээн байгуулалт, бүр тодруулж хэлбэл Улаанбаатар хотын амин судас болсон бүтээн байгуулалт. Цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг Улаанбаатар хотын тухайн үеийн удирдлагууд санаачлага гарган 2014 онд захиалсан байдаг. 2016 оны сүүлээр ТЭЗҮ бэлэн болсон. ТЭЗҮ бэлэн болсноор хөрөнгийн эх үүсвэрийг хайж эхэлсэн. Өмнөх Засгийн газрууд бүгд л Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлд санаа тавьж ажилласан. Харин сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв цэвэрлэх дээр очиж асуудлыг маш хурдтайгаар шийд, хавар барилгын ажлыг эхлүүл гэсэн тодорхой үүрэг өгч, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулан ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсгийн нэг гишүүн нь би. Ажлын хэсэг хоёр зүйлд анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна. Эхний асуудал нь энэ ТЭЗҮ-гээр барих уу үгүй юү, 21-р зууны хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах ТЭЗҮ мөн үү биш үү. Лагийг бүрэн боловсруулахаар тусгасан байна уу үгүй юү, усыг бүрэн цэвэршүүлэх үү үгүй юу гэх мэтчилэн олон асуултад ТЭЗҮ-ээс хариулт хайх хэрэгтэй. Өнөөдөр Төв цэвэрлэхэд ирж байгаа усны бохирдол маш өндөр байна. Стандартаас 3-5 дахин илүү бохирдолтой усыг хүлээн авдаг. Энэ хүлээн авч буй бохирдлыг шинээр барих цэвэрлэх байгууламж цэвэрлэж чадах уу, үгүй юү гэдэг дээр ажлын хэсгийнхэн ажиллаад технологийн шийдэл дээр нь нэгдүгээрт лагийг бүрэн боловсруулах, хоёрт усыг стандартад нийцсэнээр гаргах ёстой гэсэн нөхцөлүүдийг ТЭЗҮ хийсэн хүмүүстээ өгсөн. Салбарын эрдэмтэн мэргэд, урдаа барьдаг хэдэн инженер техникийн ажилчдыг татан оролцуулсан томоохон хэмжээний зөвлөлгөөн хийсэн. Энэхүү зөвлөлгөөнөөс гарсан ажил хэрэгч бодитой санал дээр суурилж Францын “Артелла бил энд тарнспорт” компанийн хийсэн энэхүү ТЭЗҮ-гээр шинэ цэвэрлэхийг барих нь зүйтэй гэсэн шийдэл дээр тогтсон. Үүний дараа хөрөнгийн асуудал дээр төвлөрсөн. Хөрөнгийн асуудлыг Засгийн газарт ямар шийдлээр шийдэх вэ Сангийн яамтай, БХБЯ, Ус сувгийн удирдах газар холбогдох байгууллагууд хоорондоо уулзаж, ажлын хэсэг нэлээд олон удаа хуралдсан. Хэд хэдэн хувилбар ярьсан. Жишээ нь, Японы “Жайка” байгууллага удаан хугацаанд судалгаа хийсэн байдаг. Нухацтай олон талаас нь судалгаа хийсэн байдаг юм билээ. Яаралтай хийх шаардлагатай тулгамдсан асуудал учраас Францын Артелла вил энд транспорт компанийн ТЭЗҮ-ийг сонгох нь зүйтэй гэж үзсэн. Мөн Европын хөгжлийн банкнаас санал тавьсан. Энэ санал болохоор банкны зээл хүү өндөртэй, концессоор хийе гэсэн байгаа. Концессоор хийх гэхээр цэвэрлэх байгууламж хэцүү. Учир нь хэрэглэгчдийн нуруун дээр бохир усны хэрэглээний тариф 10 дахин нэмэгдэж очно. Мэдээж хэрэг хөрөнгө оруулж байгаа хүмүүс мөнгөө хурдан эргүүлж авахын тулд тарифыг нэм гэсэн нөхцөл тавьсан. Энэ саналыг хүлээж авбал нэг айл дээр өнөөдөр хэрэглэж байгаа бохир усны тариф 10 дахин нэмэгдэх талаар Монголын мянганы сорилтын сангийн судалгаа гарсан. Тийм болохоор концессоо больё, хандив, зээл тусламж тэр тусмаа ногоон зээлээр барих нь зөв юм байна гэдэг дээр ажлын хэсэг тогтсон. Ингээд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барихаар эцэслэн шийдвэрлэсэн. 2018 онд цэвэрлэхийн барилгын ажил эхэлнэ. Хууль, журмын дагуу тендэр зарлана. Маш яаралтай барьж эхлэхийг Засгийн газраас үүрэг болгосон.
-Шинэ цэвэрлэх байгууламжийг ямар хугацаанд барьж ашиглалтад өгөхөөр ТЭЗҮ-д тусгасан бэ. Шинэ цэвэрлэх байгууламжийг барьсны дараа хуучныгаа давхар ажиллуулах уу?
-Шинэ цэвэрлэх байгууламжийг 2.6 жилийн хугацаанд барина гэж тооцсон байдаг. Гэхдээ энэ бол цаасан дээрх тооцоолол. Бид өөрсдөө хэр гар сэтгэл нийлж ажиллана, төдий чинээгээр энэ ажил шуурхай явна. Шинэ тоног төхөөрөмж суурилуулсны дараа ашиглалт нь Ус сувгийн удирдах газрын нуруун дээр ирнэ. Тиймээс бид анхнаас нь нягт хамтарч ажиллана гэж зорьж байгаа. Шинэ цэвэрлэхийг бүрэн барьж дуусгатал хугацаа орно. Тийм болохоор одоо үүсээд байгаа хүндрэлүүд гэнэтхэн нэг өдөр өргөс авсан юм шиг алга болохгүй гэдгийг олон нийт ойлгоосой. Шинэ цэвэрлэх байгууламжаа ашиглалтад оруулсны дараа хуучнаа ашиглаад явбал зүгээр.
-Одоогийнхоос шинээр барих цэвэрлэх байгууламж хүчин чадлын хувьд хэр нэмэгдэж байгаа вэ?
-Одоогийнх хоногт 160.000-170.000 метр куб бохир усыг хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар хоногт 180.000 метр куб бохир ус ирдэг. Цаашид Улаанбаатар хотод барилга байгууламж олноор нэмэгдэнэ. Одоо барих гэж байгаа цэвэрлэх байгуулж хоногт 250.000 метр куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай. Хуучин цэвэрлэх байгууламжаа хамт ашиглах уу үгүй юү гэдгийг тухайн үед нь шийднэ. Ер нь бол зэрэгцээ байдлаар ажиллуулна.
-Шинээр барих байгууламжийг хэдэн жилийн настай байхаар тооцоолж байна вэ?
-Ойрын 30-40 жилдээ Улаанбаатар хотынхон айлтгүй. Гэхдээ айлтгүй гээд бид тайвширч болохгүй. Яагаад гэхээр үйлдвэр, аж ахуйн газрууд ихээр нэмэгдэж байна. Энэ бол шуудхан хэлэхэд бохирдуулагчийн тоо өсөн нэмэгдэж байна гэсэн үг. Энгийн жишээ хэлье. Бид мах идээд ч юм уу, тостой хоол хийсний дараа фэрри хэмээх угаалгын хүчтэй бодисоор угаадаг. Айл бүр хэрэглээд бохирын шугам руугаа нийлүүлж байна. Бас томоохон үйлдвэрүүд хүчтэй цэвэрлэгээний бодис хэрэглэдэг. Том том тоног төхөөрөмжийг бас л бодис хэрэглэж угааж цэвэрлэх болсон. Үүнийг дагаад ноос ноолуурын үйлдвэрүүд байна, мөн арьс ширний үйлдвэрүүд байна. Хамгийн бохирдол үүсгэж байгаа нь арьс ширний үйлдвэрүүд болон өлөнгийн үйлдвэрүүд. Бараг төв цэвэрлэх байгууламжаас илүү эвгүй үнэртэй . УИХ-ын холбогдох байнгын хорооныхон манай дээр ажиллахад Төв цэвэрлэх байгууламжийг тойроод байгаа 2-3 өлөнгийн үйлдвэрүүдээр оруулж үзүүлсэн.
-Таны сая дурдсан маш их бохирдол үүсгэдэг үйлдвэрүүдийг хотоос гаргана, гаргахгүй гээд олон жил ярьж байгаа. Дээрх үйлдвэрүүд ажилласаар, стандартаас давсан бохир ус нийлүүлсээр байвал яах вэ?
-Цэвэрлэх байгууламжийг барихын зэрэгцээ өлөн болон арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүдийг хотоос нүүлгэж ариутгах татуургын салангид системтэй болгох шаардлагатай. Дээрээс нь нэмж хэлэхэд эдгээр үйлдвэрүүд бүгд бага оврын цэвэрлэх байгууламжтай болох ёстой. 2012 онд бохирдуулагч үйлдвэрүүдийн тухай хууль батлагдсан. Энэ хуулийн дагуу Байгаль орчны яам журам гаргана. Энэ журмаар хэн их бохирдуулна, тэр хэмжээгээрээ өндөр төлбөр төлөх ёстой. Энэ журам батлагдаад, хэрэгжээд эхэлбэл үйлдвэрүүд бага оврын цэвэрлэх байгууламжтай байх нь тодорхой болох байх.
-Лагийг бүрэн ашиглах талаар ярилаа. Дээр нь саарал усны тухай олон жил ярьсан. Бид цэвэр усаа л жорлондоо татаад байна. Энэ хоёр асуудлыг яаж шийдэх үү?
-Бид саарал усны талаар зөв ойлголттой болмоор байгаа юм. Саарал ус гэж юу вэ. Бүх цэвэрлэсэн усыг саарал гээд байна уу. Саарал ус гэдэг нь угаалтуур, душ, угаалгын машинаас гарсан бохир усыг цэвэрлэсний дараах усыг хэлнэ. Химийн бодистой холиод орж ирж байгаа усыг саарал ус гэхгүй. Монголын мянганы сорилтын сангийнхантай ярьж байна. Хэрвээ төв цэвэрлэх байгууламжийг француудын ТЭЗҮ-ээр барьсан тохиолдолд буцааж цэвэршүүлж, 3, 4 дүгээр станцуудад ашиглах боломж 100 хувь гарч ирж байна. Бид гүний усаа хэмнэх бололцоо бүрдэж байгаа. Үүнийг арванхоёрдугаар сарын сүүл нэгдүгээр сарын эхээр шийднэ. Монголын мянганы сорилтын сангийнхан ТЭЗҮ-ээ энд ирж батлуулна. Бид цэвэрлэх байгууламжаас гарсан усаа эргүүлэн ашиглах л хэрэгтэй. Цаашлаад цахилгаан станцад нийлүүлсэн усыг жорлонд ч юм уу нийлүүлэх хэрэгтэй.
-Маш их хэмжээний лаг хуримтлагдсан байдаг. Орчин үеийн шилдэг технологийг ашиглан лагийг боловсруулна гэж ойлгож болох уу?
-Хуримтлагдсан лаг нэлээд том талбайд их байна. Нийтдээ 44 картанд 600-гаад мянган тонн лаг байгаа. Буцааж булах юм уу, үйлдвэрт ашиглах уу гэдэг шийдэл хайж байна. Засгийн газар анхаарч тодорхой хэмжээний хөрөнгө тавьсан. Төсөвтэй байж энэ ажлыг хийнэ. Хөрөнгө байхгүй бол бид мянга яриад бодит үр дүн гарахгүй. 50-60 жил овоолсон лагийг зөөх нь маш хэцүү. Шийдлүүдийг Байгаль орчны яам гаргана. Эхний ээлжинд төв цэвэрлэхээ шийднэ. Хоёрт одоо байгаа хур лагаа яах вэ гэдэг дээр бодитой шийдэл гаргана. Бусад орнуудад лагаас шатдаг хий гаргаж байна, эрчим хүч үйлдвэрлэж байна. Гэхдээ европчууд лагаар бордоо хийхээ больсон. Европын оронд замын түүхий эдэд нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр ашиглаж байна. Европын холбооны орнууд 2029 оноос лагийг бүрэн шатааж устгахаар зорин ажиллаж байна.
-Салхитай үед үнэртээд байгаа өмхий хуримтлагдсан лагийн үнэр үү, эсвэл Төв цэвэрлэхээс үнэртээд байна уу?
-Аль аль нь байгаа. Бид 44 ширхэг лагийн картанд байгаа 600-аад мянган тонн лагаа хатаах, үнэрийг дарах гэх мэт олон янзын ажил туршиж үзсэн, үүний нэг нь үртэс цацаж ургамал ургуулах ажлыг хийж туршсан. Бороо орсон үед лаг үнэртдэг, чийгшил өгөөд агаарт дэгдэж байна. 2017 онд бидний туршсан технологийн үр дүн гарч байна. Ус сувгийн удирдах газрын хамт олон энэ тал дээр хамаг хүчээ дайчилж, сэтгэлээ гаргаж ажилладаг гэдгийг хэлье. Би хамт олноороо үнэхээр их бахархдаг.
-Шинэ Цэвэрлэх байгууламж нэг л өдөр ашиглалтад орно. Хүний нөөцийн хувьд асуудал гарах юм биш биз?
-Боловсон хүчний хувьд ямар ч асуудал байхгүй. Манай УСУГ-ын инженер техникийн ажилтнууд хаана ч гологдохгүй. Байгууллагынхаа дэргэд сургалтын төвтэй. Энэхүү төвөөрөө дамжуулан ажилтнуудаа бэлтгэчихсэн. УСУГ-ын үе үеийн удирдлагууд мундаг алсын хараатай байжээ. ШУТИС бас маш сайн боловсон хүчин бэлтгэж байгаа. Энэ салбарт олон ус хангамж, ариутгах татуургын мэргэшсэн болон зөвлөх инженерүүд ажилладаг. Мөн ажиллаж байгаад мэргэжлээ дээшлүүлэхээр гадаадад олон хүн сурч байна. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ гэдэг шиг ном сураад буцаж ирээд эндээ ажиллаж байна. Ус сувгийн удирдах газар бол инженерийн байгууламж хариуцсан онцгой хамт олон. Тиймээс энэ байгууллагыг улстөржүүлж хэрхэвч болохгүй. Хүмүүсээ тогтвортой ажиллуулах ёстой.
-Улаанбаатар хот хэдэн жилийн дараа эвгүй үнэрээсээ салах вэ?
-Хоёр юм уу гурван жилийн дараа үнэр алга болно. Хүслээр болдог бол хамгийн хурдан хугацаанд нийслэлчүүдийнхээ ая тухтай амьдрах боломжийг хангачихмаар байна. Би өөрөө Сонгинохайрхан дүүргийн Толгойтын хүүхэд. Цэвэрлэх байгууламжийн үнэр хамгийн их үнэртдэг орчин л доо. Олон жилийн өмнө эмээ маань хүнд өвчтэй хэвтэж байлаа. Тэгээд нэг өдөр намайг салхивчаа онгойлго гэлээ. Би хэлснээр нь хийтэл агаар ч амьсгалж болохгүй юм даа буцаагаад хаа гэсэн. Нөгөө эвгүй үнэр хүнд өвчиндөө шаналж байгаа эмээг маань улам “өвтгөсөн” нь тэр байж. Бурханы оронд одсон эмээгийнхээ тухай бодохоор энэ явдал санагддаг юм. Энэ эвгүй үнэр, тав тухгүй байдал миний амьдралд ч гүн нөлөөлсөн учраас нэг өдрийн өмнө ч болтугай асуудлыг шийдэхийг чин сэтгэлээсээ хүсэж, зүтгэж ажиллана. Миний эмээтэй адил олон хүн цэвэр агаар амьсгалж, ая тухтай амьдрах боломжийг хангах ёстой.
Ярилцсан: Б.ТҮВШИНТӨГС
эх сурвалж:niislel.mn