Монгол бахархлын өдөрт зориулсан барилдааныг хаяж 30 сая төгрөгийн төлөө явсан бөхчүүд ганзага хоосон иржээ
11 сарын 19-ны өдөр “Монгол бахархал”-ын өдөр байв. Эзэн Чингис хааны мэлмий гийсэн өдөр хэмээн үзэж энэхүү өдөр Ерөнхийлөгч нэг хүнд Чингис Хаан одон гардуулж, шилдэг 128 бөхийн барилдаан болдог уламжлалтай билээ. Гэтэл энэ жилийн хувьд Монгол Бахархлын өдөр тийм ч дуулиан шуугиантай болж чадсангүй. Уг нь Ерөнхийлөгч зарлиг гаргаж Спортын төлөөлөлд анх удаа Чингис хаан одон гардуулсан.
Харин энэхүү баярт өдөр Үндэсний бөхийн аварга, арслан, гарьд заан цолтой бөхчүүд Бөхийн өргөөний хойморт заларч, зодог шуудгаа өмссөнгүй ээ. Учир нь 30 сая төгрөгийн бай шагналтай тэмцээнийг Үндэсний бөхийн 20 гаруй төлөөлөл зорьсон явдал байлаа.
Өвөр Монголын өөртөө засах орны Ордос хотод 11 сарын 18-ны өдөр “Алтан бүс” хэмээх тэмцээн болжээ. Энэхүү тэмцээнд Монгол Улсын бөхчүүд очиж барилддаг болоод чамгүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн 3 жил уг барилдааны түрүү бөхийн бай шагналыг Монгол Улсын Үндэсний бөхийн том цолтой бөхчүүд авч байсан юм. Тодруулах юм бол 2014 онд Алтан бүс тэмцээний аваргаар Улсын аварга Ч.Санжаадамба тодорч байлаа. Харин 2015 онд Улсын арслан П.Бүрэнтөгс өвдөг шороодолгүй түрүүлсэн билээ. Өнгөрсөн жил буюу 2016 онд Улсын арслан, Даншгийн аварга Р.Пүрэвдагва учраа бөх бүрээ өвдөг шороодуулж, түрүүлж байсан юм. Энэ жил ч энэхүү буухиаг үргэлжлүүлэхийн тулд өмнө тэмцээнд түрүүлж байсан Улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва тэргүүтэй бөхчүүд зорьсон байна.
Өвөр Монголын Ордос хотод болсон барилдаанд Монгол улсын Үндэсний бөхийн 20 орчим бөхчүүд хоёр болон гурвын даваанд дийлэнх нь өвдөг шорооджээ. Харин хамгийн сайн барилдааныг Улсын харцага Баасанхүү, Улсын арслан Пүрэвдагва нар хийсэн гэнэ. Харцага Баасанхүүгийн хувьд Тавын даваанд тухайн барилдааны үзүүрт үлдсэн Аварга Гэгээрэхэд өвдөг шорооджээ. Харин Улсын Арслан Р.Пүрэвдагва Шөвгийн наймын барилдаанд начин Цэцэнбилэгт унасан гэнэ. Мөн дунд шөвөгт Улсын гарьд Ө.Бат-Орших өмнөх даваанд Баасанхүү харцагыг даваад байсан аварга Гэгээрхийг баралгүй өвдөг шорооджээ.
Ийнхүү их санаж, том олз харж урд хөршийг зорьсон Үндэсний бөхийн шилдэг арслан, гарьд, заан начин цолтой бөхчүүд ганзага хоосон ирсэн мэдээлэл байгаа юм. Тэдний хувьд Монгол бахархлын өдрийг үл тоож, 30 сая төгрөгийн шагналын сантай Өвөр Монголд болсон “Алтан бүс” наадамд барилдаж үзүүр түрүүг бодсон ч бөх хүн бүдүүн өвсөнд гэгчээр базаахгүй барилдаан хийгээд нутаг буцжээ.
Харин энд Үндэсний бөхийн хорхойтон бүр давсгүй хоол идсэн мэт, сэтгэл нь гундуухан, догдлол багатай, яриа хөөрөө дэлгэчхээр шуугиантай барилдаан болоогүй гэсэн шиг бөхийн өргөөнөөс барайсан царай гарган гарч одсон нь гашлантай.
Үндэсний бөхийн холбооноос шилдэг 128 бөхийн барилдааны товыг жилийг өмнө гаргасан. Гэтэл энэхүү барилдааныг үл тоосон нь Үндэсний бөхийн том цолтой бөхчүүдийн хувьд анхаарч бодох ёстой асуудлынх нь нэг яах аргагүй мөн. Тамирчин хүн өндөр бай шагналтай тэмцээнд оролцохыг хүсэх нь гарцаагүй. Гэхдээ өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр гэх ардын үг байдаг гэдгийг санахад илүүдэхгүй биз. Үндэсний бөхийн Аварга, арслан, гарьд, заан, харцага, начин цолтой та бүхнийг алган дээрээ бөмбөрүүлж, аль байдаг бүхнээ өргөн барьдаг нь Ар монголчууд. Тэднийхээ жилдээ нэг хүлээдэг, сэтгэл нь догдлон дэнсэлдэг барилдаанд нь цаг гаргаж, бэлтгэл хийж барилдаж яагаад болохгүй гэж вэ?