Улс төрийн ууган хүчин хэмээн цээжээ дэлдэх дуртай МАН-ын ээлжит их хурал өнөөдөр эхэллээ. Уг хурлаар өнгөрсөн 4 жилийн амжилт ололт, алдаа дутагдлаа дэнслэх болно. 28-р гэх тодотголтой МАН-ын их хуралд 1309 төлөөлөгч оролцож байна. Эдгээр төлөөлөгчдийн хэлэлцэх ёстой асуудлыг нэг нь шат шатны намын дарга нарын ажлын үнэлэлт. Ялангуяа 2012 онд намынхаа хаалгыг гаднаас нь хаагаад хаашаа ч хамаагүй зугтсан хэсэг нөхөд нь 2016 оны сонгуулийн өмнө гүйж орж ирчхээд өнөөдөр намынхаа өнгөтэй, өөдтэй бүх суудалд тухалж, төрийн ажлыг түмний дэмжлэггүй, хор найруулж авчхаад сууж байгааг ярих нь гарцаагүй. Үүнээс айсан зарим нэг нь албан тушаалаа өгч, асуудлыг эрүүлээр харж, ажил бүхнээ ав гээд хоёр гардан хуйвалдагч нарт өгчхөөд байхад л нэмж муулах, харлуулах гэсэн явуургүй ажлыг хийж байгаа нь хачирхалтай.
2012 онд МАН-ынхан бүх шатандаа ялагдал хүлээсэн. Улсын хэмжээнд ноёрхож байсан бүх эрх мэдлээ алдсан цаг үе. Энэ цаг мөчид өнөөдөр намын даргын суудлаа өгөх гэж байгаа М.Энхболд, мөн одоо шадар сайдаар ажиллаж байгаа Ө.Энхтүвшин зэрэг хүмүүс намаа удирдаж, сонгогч, намын анхан шатны байгууллагынхаа төлөөлөлтэй ажиллаж эхэлсэн билээ. Эдгээр хүмүүсийн хөдөлгөгч хүч нь яах аргагүй нийслэл, аймгийн намын хорооны дарга нар байлаа. Тухайлбал Нийслэлийн МАН-ын хороог 2012 онд хэн ч тоохгүй, албан тушаал авч, тус намын хорооны нэрийг зээлдэг байсан хүн бүр зугтаж байхад зүтгэх гэж орж ирсэн нэгэн бол Ц.Сандуй байв. Тэр 4 жил зүтгэсэн. Зүтгэсэн учраас ч 2016 оны сонгуульд Нийслэлийн МАН-ын хорооны нэр дэвшигчид Улаанбаатар хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 суудлын 33-ыг нь авч чадсан байдаг. Гэвч хойноос ирээд хот манайх гэгчээр зугтаж явсан хэсэг нөхөд ТОПОР ажиллагаа явуулж Ц.Сандуйг муулах, түүнийг харлуулах ажлыг жил гаруй хугацаанд хийсэн, бас хэрэгжүүлсэн.
Ц.Сандуй улс төрийн соёл гаргаж НИТХ-ын даргын албан тушаалаасаа татгалзсан. Улс эх орны ажил цааш үргэлжлэх ёстой. Намын эрх ашгаас өмнө нийтийн эрх ашиг байх нь чухал гэсэн зарчим баримталж, НИТХ-ын даргын албан тушаалаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн билээ. Түүнийг ажлаа сайн хийсэн. Тэр ажлаа өгөх ёсгүй гэдгийг Нийслэлийн иргэдийн хурал дахь сөрөг хүчний төлөөлөл ч ярьж байв. Тэгсэн хэдий ч Ц.Сандуй ажлаа өгч, албан тушаалаас татгалзаж чадав. Түүний орыг залгах гэж хэдэн өдрийн хэрүүл, хэдэн өдрийн талцал болсныг та бид санаж байгаа.
Ц.Сандуй намын эрх ашгийг хойш тавьж, нийтийн эрх ашгийг бодож НИТХ-ын даргын суудлаас татгалзаад зогсохгүй намынхаа ажлыг ч бас бодолцож, Нийслэлийн МАН-ын хорооны даргын суудлыг хүртэл найр тавьж өгсөн билээ. Тэр зүгээр л өргөдөл өгөөд л намынхаа нөхдөд ажлаа тайлагнаж, албан тушаалаасаа сайн дураараа татгалзаж байгаагаа илэрхийлээд өрөгдлөө өгчихсөн. Өнөөдөр Нийслэлийн МАН-ын хороог С.Батболд удирдаж байна. Харин НИТХ-ын даргаар С.Амарсайхан ажиллаж байгаа.
Ц.Сандуй шиг ажил, албан тушаалаасаа сайн дураараа татгалзаж, улс төрийн зоригтой шийдвэр гаргах хүн тун цөөн. Өнгөрсөн 27 жилийн Ардчилсан нийгмийн улс төрд хуруу дархах цөөхөн жишээ байна. Ардчиллын алтан хараацайн нэг С.Зориг Улс төрчийн эрх ашгийг эрэмбийг тодорхойлж хэлсэн байдаг. Яг л энэ зарчмыг Ц.Сандуй баримталсан мэт санагддаг юм. Түүний хувьд намын эрх ашгаас илүүтэй Нийслэлчүүдийн эрх ашиг чухал гэж хэлээд НИТХ-ын даргын суудлыг өгсөн. Харин хувь хүний сонирхлоос намын эрх ашиг ангид байх ёстой гэж хэлээд л Нийслэлийн МАН-ын хорооны даргын суудлаа найр тавиад л өгчихсөн. Ийм байхад нэмээд Ц.Сандуй гэдэг улс төрчийг муулах, балбах, харлуулах сонирхол МАН-ынханд байсаар л байна.
Айсан хүнд аргал хүртэл амьтай мэт санагддаг гэдэг дээ. Яг л үүнтэй ижилхэн айсан улс төрчдөд албан тушаалаасаа татгалзаж, ажлаа та нар хий гэж хэлээд гарсан хүнтэй ноцолдохоос өөр ид шид байдаггүй бололтой. МАН-ын хэсэг ТОПОР нөхөд Ц.Сандуй гэдэг хүнийг муулж, түүнийг л харлуулж байвал ажил нь бүтэж, асуудал нь шийдэгдэх юм шиг хандах болжээ. Ингэх тусам нь МАН-ын нэр хүнд унаж, унасан дээр улам нэмээд хөшиглөх дээрэлхүү зан МАН-аас гарч байгаад Нийгэм бүр эгдүүцэх нь гарцаагүй.
Ц.Сандуйг улам бүр харлуулж, нэмж гүтгэж, доромжлох тусам 2020 онд Нийслэлийн МАН ялагдал сууриа тавьж байна гэхэд болно. Учир нь Ц.Сандуй гэдэг хүний Нийслэлийн МАН-д оруулсан хувь нэмэр, хэрэгжүүлсэн бодлого, зорьсон зорилго бүр нь МАН-ынхан анхан шатны нэгж дээр бат суурилсан. Тэр утгаараа Ц.Сандуй гэдэг хүнд итгэсэн анхан шатныхан хувилдаж, хуурч, мэхэлж, ар хударгаар нь албан тушаалд очсон аминчхан үзэлтэй одоогийн дарга нарыг дэмжихгүй гэдгээ ил тод илэрхийлэх болжээ. Ийм нөхцөлд МАН-ынхан та бүхэн Ц.Сандуйг муулаад л бай. Тэгэх тусмаа 2020 оны ялагдлынхаа хундаамыг илүү бат бөх цутгаж байгаа гэсэн үг юм.