Нийслэлийн Иргэдийн хурлын даргаар С.Амарсайхан ажиллаж байгаа. Түүний хувьд уг албан тушаалд очихын тулд чамгүй цаг, бас мөнгө зарцуулсан гэх явган яриа явдаг. Үнэн эсэхийг хэлж мэдэхгүй. Ямартай ч зүгээр сууж байгаад ийм албан тушаалд хүрээгүй биз. Гэхдээ тэр өнөөдөртөө Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын лидер нь болж чадаагүй нь харин үнэн.
НИТХ-ын дарга С.Амарсайхан гэдэг хүн тэргүүлэгчдээ хуралдуулах гээд хэдэнтээ чадаагүй. Түүний зарласан хуралд ирдэг төлөөлөгч ховор. Түүний үгийг сонсдог төлөөлөгч цөөхөн. Үүний баталгаа нь хэдэнтээ хойшилж байсан НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааныг нэрлэж болно. Мөн НИТХ-ыг ээлжит хуралдааныг хийх гэж зар тараасан ч ирц нь хүрэхгүйгээр хойшилж байв. Энэ бүхэн нь хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй С.Амарсайхан гэдэг хүнтэй шууд холбоотой. НИТХ-ын даргаар ажиллаж эхлээд бараг л 2 сар болсны дараа тэргүүлэгчдээ өөрчилж авсан. Учир нь өмнөх тэргүүлэгч нар нь С.Амарсайхан гэдэг хүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Зарласан хуралд нь ирэхгүй, оролцохгүй байсан учраас арга ядахдаа л төлөөлөгчдөө шинэчлэх бодлогыг баримтлах вэ дээ. Өнөөдөр ч НИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчдийн ихэнх нь С.Амарсайхан гэдэг хүнийг тоохгүй байгаа сурагтай. 17 төлөөлөгч С.Амарсайхан даргын эсрэг кноп дараад явахад бэлэн байгаа гэсэн шүү.
Ийнхүү Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нартаа хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байгаа С.Амарсайхан дарга бас л намынхаа бусад нөлөө бүхий дарга нарт тоогдох гээд чадахгүй яваа бололтой.
Өнөөдөр эхэлж байгаа намын их хурлын өмнө НИТХ-ын дарга С.Амарсайхан хөдөө орон нутгаас ирсэн намынхаа төлөөлөл болох аймгийн иргэдийн хурлын дарга нарыг хоолонд урьжээ. Гэвч 21 аймгийн иргэдийн хурлын дарга нарын дийлэнх нь С.Амарсайхан гэдэг хүний урилгыг үл тоосон гэх бор шувуу тусгаар тогтнолын ордонд жиргэж байна. Уг нь НИТХ-ын дарга гэдэг хүн хоол идэх гэж урьж байхад хүрээд ирж болно доо. Гэтэл 21 аймгийн ИТХ-ын дарга нар сонссон ч сонсоогүй мэт дүр эсгэж, зарим нь очихгүй гэдгээ шуудхан хэлсэн сурагтай. Аймгийн ИТХ-ын дарга нарт тоогдохгүй байгаа НИТХ-ын дарга байж болно гэж үү?
С.Амарсайхан дарга өнөөдөр намынхаа их хуралд оролцож байгаа. Түүний хувьд 1,3 сая хүн амтай НИТХ-ын дарга. Албан тушаалын эрэмбээр ярих юм бол МАН-ын 28-р их хурлын гол төлөөлөгчдийн эгнээнд суух ёстой. Нэг үгээр хэлбэл намын хамгийн том том улс төрчидтэй зэрэгцэн сууна гэсэн үг. Гэтэл С.Амарсайхан даргыг МАН-ын хурлыг зохион байгуулж байгаа хүмүүс үл тоож, Соёлын төв өргөөний Пилтажын хэсэгт суудал заасан сураг дуулдаж байна. Энэ үнэн бол С.Амарсайхан гэдэг хүнийг МАН-ынхан шат шатандаа л хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа бололтой.
НИТХ-ын дарга гэдэг албан тушаал бол аль ч намын хувьд өндөрт тооцогдох ёстой. Тэр утгаараа уг албан тушаал дээр байгаа хүн намынхаа шат шатанд хүлээн зөвшөөрөгдсөн байх нь дамжиггүй. Гэтэл энэ удаад МАН-ынхан НИТХ-ын даргаа огт хүлээн зөвшөөрөхгүй, бас үгийг нь сонсохыг хүсэхгүй байгаа нь хачирхалтай юм аа.