АЗХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцтай холбогдуулан АН-ын Намын байгуулалтын хэлтсийн дарга Н.Ганибалаас дараах асуултад хариулт авлаа.
-АЗХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль дуусах шатандаа явж байна. Одоогийн байдлаар хэдэн аймгаар тойров. Нэр дэвшигчид хэзээ хотод ирэх вэ?
-АЗХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль эхлээд 21 аймаг, есөн дүүргээр явлаа. Өнөөдөр сүүлчийн аймаг буюу Увсад чуулганаа хийж, санал хураалт явуулж байна. Ингээд маргааш өглөө хотод ирнэ.
-Хэд хоногт 21 аймаг, есөн дүүрэгт хүрч ажиллав. Нийт гишүүдийнхээ саналыг авч чадав уу?
-Нийт 21 хоногт багтаан 21 аймаг, есөн дүүрэгт очлоо. Бид 39 хүртэлх насны 90 мянган гишүүнтэйгээ нүүр тулан уулзаж, тэдний саналыг авсан. Эдгээр саналын үр дүнгээр АЗХ-ны Ерөнхийлөгч сонгогдоно.
- Бүх аймаг, дүүргийн тэргүүлэгчид сонгогдож дууссан гэж ойлгож болох уу. Маргааш АЗХ-ны Ерөнхийлөгчийн болон нийслэлийн тэргүүнүүдийн саналыг тоолно гэсэн үү?
- 2016 оны орон нутгийн сонгуульд ялсан аймаг, дүүргээс бусад аймаг, дүүргийн АЗХ-ны тэргүүн, тэргүүлэгчид шинэчлэгдсэн. Маргааш буюу 11 сарын 21-нд болох санал тоолох арга хэмжээний үеэр бүх аймаг, дүүргийн тэргүүлэгчдийн танилцуулга болно. Мөн АЗХ-ны Ерөнхийлөгч болон нийслэлийн тэргүүнд нэр дэвшигчдийн саналын хайрцгийг задалж, саналыг тоолж эхэлнэ. Энэ үйл ажиллагаа АН-ын залуучууд, гишүүд, улс төр сонирхогч залууст нээлттэй.
-Нээлттэй гэдгийг тодруулахгүй юү. Үүнээс гадна санал тоолох явцыг шударга явуулах талаас нь хэрхэн ажиллаж байна вэ?
-Ажлын хэсгээс журам гаргасан. Нээлттэй гэдэг нь санал тоолох үйл ажиллагааг сонирхсон хүн бүхэн зайнаас хянах боломжийг олгож, олон нийтийн өмнө явуулахыг хэлж байгаа юм. Тоолох үйл явцыг тухайн нэр дэвшигчийн ажиглагч, бие төлөөлөгч нь шууд хяналт боломжтой. Төрийн болон бусад улс төрийн сонгуулиудаас үүгээрээ илүү онцлог гэж харж байна.
-Хэвлэл мэдээлэл болон олон нийтийн цахим сүлжээгээр шууд дамжуулах уу. Санал тоолох үйл явц хэдий хугацаанд үргэлжлэхээр байна. Сонгогдсон нэр дэвшигчийг хэзээ батламжлах вэ?
- Хэвлэл мэдээлэл, олон нийтийн цахим сүлжээгээр шууд дамжуулахыг зөвшөөрнө. Саналыг маргааш 15.00 цагаас эхлүүлж, өдөртөө багтаж дуусна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ирэх сарын 6-нд АЗХ-ны Үндэсний чуулганыг зохион байгуулна. Тус чуулганаар сонгогдсон нэр дэвшигчийг өргөн барьж, батламжлах юм. Ингэснээр АЗХ-ны Ерөнхийлөгч албан ёсоор тодорно.