МАН-ын Их хурал ширүүхэн уур амьсгал дунд өрнөж байна. Орон нутгаас төлөөлөгч томилогдоод ирчихсэн байхад л аймгуудын нэр дээр Улаанбаатараас хүмүүс татчихсан тухайг хэвлэлүүд шуугих аж. Ялангуяа Баян-Өлгий аймгийн төлөөлөгч нар тун ч хэл ам ихтэйгээр хуралдаа оролцож байгаа гэнэ. Үүнээс гадна намын даргад нэр дэвшигчидтэй холбоотойгоор элдвийн цуурхал, гүтгэлэг хэрээс хэтэрсэн тухайг нэр дэвшигч Д.Хаянхярваа онцлон хэлж байсан удаатай
Тухайлбал, МАН-ын даргад өрсөлдөж буй зарим хүнийг харлуулахын тулд ямар ч хамаагүй аргаар гүтгэж, доромжилж, бүр хаа хамаагүй Ц.Сандуйтай хүртэл холбон бичиж байна. Эндээс нэг асуудал их л анхаарал татах ажээ.
Өөрөөр хэлбэл, Ц.Сандуй НИТХ-ын болоод Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан энэ хүн яг юу хийсэн болохоороо нам доторх эсрэг бүлэг, фракцынхны зуултад орсон юм бол гэсэн асуулт. Ямар ч гэсэн МАН-ын Зүүний хүчний холбооноос угшилтай бүлэг Ц.Сандуйг 60 тэрбумын асуудлаар ихэд буруутган, үүнийгээ цааш даамжруулж Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах шалтгаан гэж үзэж буйгаа байнга илэрхийлдэг. Бүр боломж алдалгүй түүнийг муучилдаг.
Гэтэл хуулийн байгууллагаас энэ хэргийг зохиомол гүтгэлэг гэдгийг тогтоогоод, анхлан сэдсэн Г.Доржзодовоос энэ талаар байцаалт авах гэтэл АНУ-ын иргэний гэрт орж бүгээд одоо хүртэл гарч ирэхгүй байгаа. Болсон явдлыг зохих байгууллагаас тогтоон мэдэгдэхдээ, Г.Доржзодов гэгч этгээд намд тал олохын тулд санхүүжилт босгох арга гэгдэх “60 тэрбумын схем”-ийг зохиосноо Ц.Сандуй, У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарт танилцуулсан гэсэн. Тэгвэл энийг сонссон гэдгээрээ л буруутах юм бол тухайн үед “хэргийн газар”-т байсан У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар ч буруутнууд болох ёстой баймаар. Гэтэл “Үгүй” гэх ажээ.
Гэхдээ Ц.Сандуй тэрхүү буруутгалыг хэл үггүй нуруундаа үүрээд Нийслэлийн МАН-ын хорооны даргаар зогсохгүй, МАН-д огтын хүртээлгүй НИТХ-ын даргын албаа ч хүссэн хүмүүст нь өгчихсөн. Чухам тэр л үед Ц.Сандуйг буруутгаад байсан хүмүүст өөрсдийгөө асуудлаас зайлуулах баашнаас илүүтэй түүний албан тушаал хэрэгтэй, бүр нарийн яривал энэ хүний нэр хүндийг үгүй хийж, өөрсдийнхөө замаас холдуулах сонирхол байгаа нь илэрхий болсон юм.
Харин МАН-д эв нэгдлээс өөр юм хэрэггүй тул Ц.Сандуй олон таван үггүйгээр албаа өгсөн нь хэнд ч ойлгомжтой байсан. Монголын улстөрд одоо Ц.Сандуй гэх хүн үндсэндээ байхгүй болсон гэхэд болно. Тийм байхад л яаж ийгээд түүнийг шахсаар. Муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг одоо бүр төсвөө баталж чадахгүй мунгинасныхаа бурууг хүртэл түүнд тохох нь инээдтэй. Яг үнэндээ Ц.Сандуйгаас муучлуулаад байхаар юу ч үлдээгүй. Гэхдээ энэ бүгд хангалтгүй тул хаа хамаагүй зүйлст түүний нэрийг хутган муучилж байгаа нь өрөвдмөөр тактик.
Ямар сайндаа, л хэвлэлийг хүртэл дайчлаад энэ асуудалдаа хутгах вэ дээ. Тухайлбал, Ugluu.mn сайтад Замын цагдаагийн газрын урдах төмөр замын гарц бүхий уулзварын зүүн хойдтоо баригдсан 15 давхар барилгыг Ц.Сандуй барьсан гэж бичжээ. Чухам л НИТХ-ын дарга төдий албан тушаалтай этгээд хотын газраас дуртайгаа дугуйлж байгаад 15 давхар барилгыг юу юугүй босгосон мэтээр бичжээ. Бүр болоогүй ээ, энэ Ц.Сандуй байшингаа зам руу тулгаж босгосноос болоод гүүрэн гарц барьж чадаагүй гэнэ.
Тэгвэл Ц.Сандуйг ийн дур зоргоор аашилж байхад нийслэлийн Засаг дарга, шат шатны газрын албад, барилгын зөвшөөрөл олгодог албан тушаалтнууд, үгүй ядаж АТГ болон хуулийнхан, түүний эвгүй алхам бүрийг хянаж байдаг сөрөг хүчнүүд хаана байсан хэрэг вэ. Бүхэл бүтэн хууль засагтай төрт улс байна даа, ядаж газар олгохдоо зөвшөөрөл олгож, баталгаажуулах ёстой баймаар. Тэгсэн чинь “Үгүй, заавал Ц.Сандуйнх байх ёстой” л гэмээр гүтгэлэгийг тарааж эхэллээ.
Тиймээс бид энэ газрын асуудлаар НЗДТГ-ын холбогдох эх сурвалжаас лавлахад, бүр 2009 онд Нийслэлийн Засаг даргын 275 дугаар захирамжаар иргэн Э.Дагиймаа, Г.Гантулга нарт уг газрыг олгосон байх юм. Дээрх хоёр этгээд нийт 800 м2 талбайг анх авахдаа автомашины худалдааны төв болгоно гэж байсан ч хэдэн жилийн дараа буюу Нийслэлийн Засаг даргын 2014 оны а/917 тоот захирамжаар энэ газар “Барбашова” компанийнх болж, зориулалт нь үйлчилгээний төв барих талбай болж хувирсан байна.
Тодруулбал, энэ газрын зөвшөөрлийг анх Г.Мөнхбаяр даргын үед олгосон бол зориулалтыг нь Э.Бат-Үүлийн захирамжаар өөрчилсөн байх аж. Үүнээс гадна сураг сонсох нь, энэ газрын жинхэнэ эзэн УИХ-ын дэд дарга Я.Санжмятав гэх яриа ч гардаг ажээ.
Тэгээд ч дээрх хоёр даргын үед Ц.Сандуй ёстой л өөрсдийнх нь хэлдгээр “бацаан” байсан. Энэ хүнд дуртай газраа авах эрх мэдэл тэр үед ч, дараа нь НИТХ-ын дарга болсон хойно нь ч байгаагүй.
Үүнээс гадна С.Амарсайхан ажлаа авснаас хойш НИТХ нэг ч удаа хуралдаагүй нь хүртэл Ц.Сандуйн буруу гэнэ. Чухамдаа Ц.Сандуй л НИТХ-ын төлөөлөгч нарыг хуралд нь суулгахгүй, хорьж бариад байна гэцгээх нь хачирхалтай. Үүнийг ажлаа хийж чаддаггүй, бурууг бусдаас хайж, өөрөө уснаас хуурай гардаг хүмүүсийн дэмий яриа гэхээс өөр юу ч гэх вэ. Хатуу ч гэсэн хэрвээ ганц Ц.Сандуйгаас болж НИТХ хурлаа ч хийж чадахгүй байгаа бол одоогийн дарга нь ажлаа өгөөд, НИТХ-ыг тараах ёстой. Тэрнээс биш одоо Ц.Сандуйгаар өөчлөөд, шавхаад байх юм үлдсэнгүй.
Тиймээс одоо энэ хүнийг муучлахаа болих хэрэгтэй. Тэгэхгүй бол Ц.Сандуйг хуугаараа эсэргүүцэж байсан олон нийт эргэлзэж, бүр өмөөрөх маягтай болчихлоо. Учир нь ард түмэн тэнэг биш, буруу зөвийг ялгах ухаантай билээ.
эх сурвалж: erennews.mn