Монгол Ардын намын 28-р их хурал болж өнгөрөв. Тус хурлаар хэлэлцсэн хамгийн чухал, анхаарал татсан асуудал нь яах аргагүй намын дарга тодруулах үйл явц байлаа. Гараанаас 3 нэр дэвшигч тодорч эхэлсэн бол хурлын явцад нэг нэр дэвшигч нэмэгдэж 4 хүн өрсөлдөхөөр болсон билээ. Н.Дэмбэрэл, Ж.Мөнхбат нар нэрээ татаж, санал хураалтад Д.Хаянхярваа, У.Хүрэлсүх нар тунаж үлдэн 1309 төлөөлөгчийн саналыг авахын төлөө өрсөлдөв.
Эцсийн мөчид У.Хүрэлсүх 63 хувийн санал авч МАН-ын 15 дахь даргаар ийнхүү сонгогдож байна. Түүний өмнө намынхаа эв нэгдлийг баталгаажуулах, хагарал, хуваагдлыг арилгах том үүрэг оногдож байна. Үүгээр зогсохгүй улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг сэргээх, хямралыг гатлах үүрэг оногдож байгаа юм.
МАН-ын даргын тамгаа өчигдөр шөнө У.Хүрэлсүхэд гардуулж өгсөн М.Энхболд намынхаа ороо бусгаа байдал, өөрийг нь чичлэх болсон намын нөхдөдөө хандан 28-р их хурлын индэр дээрээс л үг хэлэв. Түүний үг намын нийт гишүүдэд гэхээсээ илүү У.Хүрэлсүх тэргүүтэй нөхдөд хаяглагдсан нь ойлгомжтой.
М.Энхболд: Талцал бол эвдрэл мөн. Эвдрэл бол мөхөл юм. Тиймээс улс төрийн ууган хүчний хувьд гамшиг гэж хэлж болох энэ үзэгдлээс сэргийлэх, илрэх бүхнийг газар авахуулалгүй нам дотроо илэн далангүй ярилцаж зөвшилцөх, журмын нөхдийн хувиар ойлголцон эвлэрэх нь улс төрчийн ёс суртахууны эрхэм чанар юм.
М.Энхболдын хэлсэн энэ үг бол шууд утгаараа У.Хүрэлсүх дараа дараагийн алхамдаа бяраар асуудлыг шийдэх биш, эвлэрч, зөвлөлдөж асуудалд хандах ёстой гэдгийг учирлаад авлаа. Үүний зэрэгцээ өнөөдөр эвдрэлцээд байгаа журмын нөхөдтэйгөө ойлголцох нь нэн тэргүүний ажил нь шүү гэдгийг ч сануулав.
Намын хуучин дарга М.Энхболдын хэлсэн зөвлөгөө мэт хатгасан үгийн хариуд шинэ дарга У.Хүрэлсүх мөн л хариу болгон хэдэн үг чулуудах нь ойлгомжтой.
У.Хүрэлсүх: Зүрхэндээ толботой явснаас нүүрэндээ сорвитой явсан нь дээр. Бид хамтдаа илүү хол явах болно. Дүү нартайгаа муудмааргүй байна. Намынхаа эв нэгдлийг хангаж ажиллахын төлөө хичээх болно. Дахиж муудалцаж, хуваагдалгүйгээр төрийн ажлаа үргэлжлүүлье гэж тунхаглав.
У.Хүрэлсүхийн хэлсэн дээрх үг нь нэг талаасаа М.Энхболдын зөвлөгөө дагаж байгаа хэрэг. Нөгөө талдаа 32-ын бүлгийн төлөөлөл болсон Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нартай гар барилцахад бэлэн гэдгээ илэрхийлсэн алхам нь болов уу.
У.Хүрэлсүхийн хувьд УИХ дахь бүлгийг 2 хуваасан хүмүүсийн нэг гэдэгтэй МАН-ын олон гишүүн санал нийлэх болсон. Ингэж үзэхээс ч өөр арга байхгүй. Ж.Эрдэнэбатын засгийн газрыг унагаасан гишүүдийн олон нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгохын төлөө ил цагаан чичирсэн билээ. Энэ нь тэднийг ингэж харагдахад хүргэж байв. Энэ утгаараа хагалж чадсан шигээ буцаагаад наах үүрэг нь У.Хүрэлсүхэд оногдож байгаа юм.
МАН-ын шинэ дарга У.Хүрэлсүх хуучин дарга М.Энхболдоос намын даргын тамгаа гардан аваад хэлсэн үгэндээ ч эвлэрч, нэгдэх талаар дурдсан нь түүний эхний ажил гэдгийг бататгаж өглөө.
У.Хүрэлсүх: Б намынхаа эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Улс орныхоо эдийн засгийн уналтыг зогсоож, сэргээх хариуцлагатай үүрэг надад ногдож байна. УИХ ахь намын бүлгийн 33,32 гэсэн яриаг энэ цаг мөчөөс эхлэн эцэс болж байгааг та бүхэндээ зарлая. Ийм үүрэг даалгаврыг их хурлаас надад, мөн МАН-ын УИХ дахь 65 гишүүнд өглөө.
Ийнхүү МАН-ын шинэ даргын өмнө Төрийн ажлаас гадна намынх нь ажил ундарч эхэллээ. Хамгийн гол нь намынхаа эв нэгдлийг баталгаажуулах үүрэг түүнд оногдож байна. Тэр одоо улс төрийн том эрх мэдэлтэй болж чадав. Үүнийгээ харин баталгаажуулж хэрэгжүүлэхийн тулд 65-ын бүлгийг нэг цул болгох ёстой. Тэгж чадахгүй бол түүний Ерөнхий сайдаар ажиллах хугацааны хувьд богино байх магадлалтай юм. Иймээс төрийн ажлаа төвшин амгалан хийхийн тулд намынхаа хагарал, эвдрэлийг олох нь нэн тэргүүний ажил. У.Хүрэлсүхийн зовлон өнөөдрөөс л эхэлж байна.