М.Энхболд: Д.Хаянхярваатай зөвшилцөж бага хурлын 360 гишүүнээ сонговол хагарал үгүй болно шүү У.Хүрэлсүх ээ!!!

М.Энхболд: Д.Хаянхярваатай зөвшилцөж бага хурлын 360 гишүүнээ сонговол хагарал үгүй болно шүү У.Хүрэлсүх ээ!!!

У.Хүрэлсүх МАН-ын дарга болов. Түүний хувьд намынхаа шат шатны гал тогоог хариуцах хүмүүсийг ээлж дараалан сонгох ёстой. Нэг үгээр хэлбэл нам дотроо багаа бүрдүүлнэ гэсэн үг. Үүнийг хийхийн тулд дангаараа зүтгэх үү? эсвэл хамтарч, зөвшилцөж, ойлголцох нь чухал уу гэдгийг сонгох үлдлээ.

МАН-ын 28-р их хурлын төгсгөлд МАН-ын дарга асан М.Энхболдын хувьд У.Хүрэлсүх даргад хандан бага хурлын гишүүдийг сонгохдоо Д.Хаянхярваатай зөвшилцөж, тохиролцож шийдэх нь зөв гэдэг анхааруулга, бас сануулгыг өгөв. Үүний цаана 32-ын бүлгийн сонирхол одоо ч байгаа шүү гэдгийг битүүхэн хэлээд авлаа.

Д.Хаянхярваа МАН-ын 28-р их хурлын төлөөлөгчдийн 36 хувийн санал авсан. Үүний цаана 450 орчим төлөөлөгч гэсэн үг. Тэд бүгд 32-ын бүлгийн хүмүүс. Тэгэхээр бага хурлын 360 төлөөлөгчийн 36 хувь нь Д.Хаянхярваагийн талынхан байх ёстой гэсэн утга гэж үү?

МАН-ын дарга У.Хүрэлсүх эв нэгдлийг чухалчилж үзнэ гэдэг амлалтыг өгсөн. Энэхүү амлалтынхаа хүрээнд хийх ажлын нэг нь яах аргагүй бага хурлын төлөөлөгчдийг сонгох үйл явц юм. Уг үйл явц нь зөвшилцөж, ойлголцож шийдэгдэх асуудал.

Дээр нь У.Хүрэлсүхийн хувьд Д.Хаянхярваатай тохиролцох ёстой нэг асуудал бол яах аргагүй Ерөнхий нарийн бичгийн дарга. У.Хүрэлсүхийн хувьд одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг үлдээх сонирхолтой байгаа. Гэхдээ 32-ын бүлгийн хувьд уг сонирхол байхгүй. М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээгээд хариуцлага хүлээж намын даргын суудлаа өгсөн. Яг үүнтэй ижилхэн хариуцлагыг Д.Амарбаясгалан үүрэх ёстой гэж үзэж байгаа. Энэ утгаараа У.Хүрэлсүхийн ар талын хамгаалах үүрэг өөр нэгэнд оногдох болно. Одоогийн байдлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөө Сүхбаатар дүүргийн засаг дарга асан Баярмагнай, мөн МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нарын нэр яригдаж байна. Баярмагнайн хувьд Д.Хаянхярваагийн талын хүн. Харин Ц.Бат-Энх нь У.Хүрэлсүхийн талын хүн билээ.