“Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалт боллоо.

“Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалт боллоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам  “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гадаадын буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтыг татах зорилготой зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.  

Сав, баглаа боодол нь хүнсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндтэй салшгүй холбоотой чухал салбар юм. Улсын хэмжээнд 40 гаруй аж ахуйн нэгж, байгууллага сав, баглаа боодлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж, нийт хэрэгцээний 30 орчим хувийг үйлдвэрлэж байна.

Зориулалтын савны үйлдвэрлэл, хангамж хүрэлцээгүй, чанар болон үнийн хувьд өрсөлдөх чадвар сул зэргээс нэг өрх дунджаар 20-100 литрийн багтаамжтай, 3-4 ширхэг зориулалтын бус хуванцар савыг хүнсний бүтээгдэхүүн хадгалах зорилгоор ашигладаг болохыг ДЭМБ-ын судалгаагаар тогтоожээ. Хүн амын өдөр тутмын хэрэглээтэй шууд холбоотой, нийгмийн эрүүл мэнд, байгаль орчинд тодорхой нөлөө үзүүлдэг сав, баглаа боодлын талаар зохих арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай бий болсон.  

Иймд “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-д “хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, байгаль орчинд ээлтэй, зориулалтын хүнсний сав, баглаа боодол, хаяг шошгыг хүнсний сүлжээний бүх үе шатанд хэрэглэх, дэвшилтэт технологийг нутагшуулах, үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг дэмжинэ” гэж, “Ногоон хөгжлийн бодлого”-д “хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгож, байгальд халгүйгээр хадгалах, савлах технологийг дэмжинэ” гэж тус тус тусгаж,  “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд дээрх зорилтыг хангахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулах, сав, баглаа боодлын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр салбар хариуцсан яамны зүгээс санаачлан боловсруулсан 5 зорилтот төслийг танилцуулж, хэлэлцүүлсэн нь уулзалтын үр дүн байлаа.  

Уулзалтад өндөр ач холбогдол өгч ОХУ, Франц, Чех, Турк, Кувейт, Беларусь, Арабын Нэгдсэн Эмират, Болгар, Вьетнам  улсын Элчин сайдын яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлаг, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Дэлхийн банк, Мерси кор, Глобал коммунитис, Каритас Монгол зэрэг олон улсын байгууллагууд, манай улсад хэрэгжиж байгаа олон улсын хөтөлбөр, төслийн нэгжүүд, үндэсний хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэм, шинжилгээ, судалгааны байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий 100 гаруй хүн оролцлоо.

Зөвлөлдөх уулзалтын үеэр дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг гаргасан нь оролцогчдын сонирхлыг ихэд татаж байлаа. Үзэсгэлэнд модон сав, айрагны хөхүүр, зэс, гуулин сав суулга, аяга, халбага,  цаасан хайрцаг, ороогч, багцлагч, хүнсний зориулалтын сав, гялгар уут үйлдвэрлэгч дотоодын 10 гаруй аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүнээ танилцууллаа.