Сүрьеэ өвчинтэй тэмцэхэд төрийн бодлого эрх зүйн орчин хангалтгүй байна

Сүрьеэ өвчинтэй тэмцэхэд төрийн бодлого эрх зүйн орчин хангалтгүй байна

Манай улсад жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Сүүлийн таван жилийн байдлаар 10000 хүн амд ногдох сүрьеэгийн тохиолдлын төвшин дунджаар 14.1 байна. Үүний дотор эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тархалт өндөр хувь эзэлж байгаа юм. Бүс нутагтаа сүрьеэгийн өвчлөлөөр дээгүүрт жагсаж буй манай улсад хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Глобаль сангийн ДОХ, Сүрьеэгийн төслийн санхүүжилтээр  “Эрүүл аж төрөхүй хандлага” Төрийн бус байгууллага хууль тогтоомжид тусгасан сүрьеэ өвчнөөс эсргийлэх хянах заалтуудын өнөөгийн байдалд үнэлгээ хийгээд хангалтгүй хэмээн дүгнэжээ. Сүрьеэ өвчинтэй тэмцэх бие даасан хууль нэн шаардлагатайг тэд онцолж байна. Энэ талаар хуулийн зөвлөх Д.Инжинашаас цөөн асуултад хариу авлаа.

- Яагаад сүрьэ өвчинг бусад халдварт өвчнөөс онцгойлж тусад нь хууль батлах хэрэгтэй гэж?

-Сүрьеэ бол амь насанд аюултай, халдвар тархах эрсдэл маш өндөр.  Ханиахад л хажуу хүндээ халдаах боломжтой.  Сүрьеэгээр өвчлөөд гэр бүлээрээ нас барсан тохиолдол Монгол Улсад гарлаа. Номхон далайн баруун бүс дотроо сүрьеэгийн тархалтаар эхний аравт манай улс бичигдэж байна. Тархалт, тэр дундаа эмэнд тэсвэртэй сүрьеэгийн халдварын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь нэн даруй зохистой арга хэмжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэх хэрэгтэйг харуулж байна гэсэн үг.  Сүрьеэ өвчинтэй тэмцэхэд дан ганц Халдварт өвчний тухай хууль хангалтгүй байна.  Өвчтөний сэтгэл зүй, эрүүл мэнд, өрхийн амьжиргаа, асаргаа, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдсэн хууль батлахгүй бол ойлгомжгүй тодорхойгүй олон нөхцөлөөс үүдэн халдвар улам газар авч болзошгүй нь харагдаж байна.  

-Хууль боловсруулж батлуулна гэдэг бол хугацаа шаардсан ажил. Тэгэхээр эмчилгээний явцад гарч байгаа олон ойлгомжгүй гээд байгаа асуудлыг хөтөлбөр дүрэм журмаар зохицуулаад явж болохгүй байгаа хэрэг үү?

-Монгол Улсад сүрьеэ өвчинтэй тэмцэх үндэсний бие даасан бодлого хөтөлбөр алга. 2010-2015 онд ийм хөтөлбөр байсан ч хугацаа нь дууссан. Дахин шинэчилж батлаагүй. Гэхдээ Халдварт өвчнөөс сэргийлэх үндэсний хөтөлбөрийн нэг зорилт болж орсон байдалтай байгаа. Тиймээс бие даасан хуулиас гадна сүрьеэгийн талаар баримтлах үндэсний стратеги  хөтөлбөрийг нэн даруй батлах хэрэгтэй гэж үзэж байгаа. Гэхдээ  нэр төдий уриалгын шинжтэй, хэрэгжих боломжгүй төсөл хөтөлбөр огт хэрэггүй. Яг өвчтөндөө төвлөрсөн, тэдэнд ямар тусламж үйлчилгээ, нийгмийн халамжийг ямар байгууллага ямар санхүүжилтээр үзүүлэх вэ гэдгийг тодорхой заасан эрх зүйн зохицуулалт бий болгож байж ядаж жил бүр өвчлөөд байгаа дөрвөн мянган хүнээ аварч эхэлнэ. Ингэж байж л сүрьеэгийн нянгийн тархалтыг зогсооно.  Эрүүл мэндийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу өвчтөнийг тусгаарлахтай холбогдсон журам Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдах ёстой ч одоог хүртэл батлагдаагүй байна. Тэгэхээр журам байхгүй байхад тухайн иргэнийг эмчлэх тусгаарлах, хөл хорио тогтоох үндэслэл байхгүй л гэсэн үг.

-Та түрүүн дурдлаа. Нэр төдий хэрэгжих боломжгүй хөтөлбөр хэрэггүй гэж. Үүнийг тодруулахгүй юу?

-Жишээ нь санхүүжилтийн асуудлыг аваад үзье. Аливаа үндэсний гэгдэх хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг харахад олон улсын байгууллага, донор байгууллагаас санхүүжихээр тусгасан байдаг нь нууц биш. 80-90 хувь нь улсын төсвийн биш санхүүжилтээр явдаг гээд хэлчихвэл дэгсдэхгүй. Энэ байдлаараа улсын төсвийн санхүүжилтгүй төсөл хөтөлбөр батлаад байвал эцэстээ хэрэгждэггүй олон төсөл хөтөлбөртэй л үлдэнэ.