Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Д.Сэржмядаг хэмээх 8 настай охин 2017 оны 11 сарын 02 өдөр гэрээсээ гарч, сургууль орох замдаа алга болсон хэрэг гарсан билээ. Уг охиныг эрэн хайх ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Их хөлийн газар болох тус сумын нутаг дэвсгэрт охиныг хайх ажиллагаанд 500 орчим цагдаа, сайн дурынхан хамрагдсан талаарх мэдээлэл байдаг. Гэвч үр дүн 21 хоноход алга л байна.
Нийгмийн сүлжээнд өдөр бүр л шуугиж, охины талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл өдөр бүр л мэдээлэлж байсан ч аажмаар анхаарлын төвөөс алсарч байх шиг байна. Орхигдуулж болохгүй, анхаарал сулруулж болохгүй асуудлын нэг бол яах аргагүй Замын-Үүд суманд алга болсон 8 настай охины хэрэг юм. Уг охиныг олох хүртэл нь цагдаа, хүчний байгууллагад шахалт үзүүлэх, ар гэрийнхэнтэй нь байнга холбоотой байх нь хамгийн чухал.
Өнөөдрийн байдлаар Цагдаагийн байгууллага эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Мөн охины талаар сэтгэл нь зовнисон, санаа тавьсан иргэн, хувь хүмүүс ар гэрийнхэнтэй нь холбогдож, асууж сураглаж байгаагаа уламжилж байгаа гэнэ. Гэсэн хэдий ч охины талаарх баттай мэдээлэл өнөөдрийг хүртэл гараагүй л байна.
8 настай охиныг эрэн хайх ажиллагааны хажуугаар шийдэх ёстой нэг асуудал бол Замын-Үүд сумыг хяналтын камераар бүрэн тохижуулах ажил юм. Хэрэв уг суманд 600-800 сая төгрөг төсөвлөж хяналтын камер байрлуулахсан бол охин хаана, хэзээ хамгийн сүүлд явсан, хэрхэн алга болсон гэдгийг цагдаагийнхан камерын тусламжтай мэдэх боломж бүрэн байсан гэдэг.
Гэтэл өнөөдөр Замын-Үүд суманд 3 ширхэг л хяналтын камер байна. Гэхдээ шаардлага хангах хэмжээнд ажиллаж чадахгүй. Замын-Үүд сум бол хяналтын камераар бүрэн тоноглогдох боломжтой. Хэдхэн км-ын цаана хямд зах зээл байна. Тэндээс хяналтын камерын хамгийн сайн чанартайг нь оруулж ирэхэд л 600-800 сая төгрөг болно гэдгийг Замын-Үүд сумын удирдлага хэлж байгаа юм. Энэ асуудлыг анхааралдаа авч шийдэх үүрэг нь Дорноговь аймгийн засаг дарга, түүний тамгын газар. Мөн Засгийн газар юм. Аль аль талдаа анхаарч уг асуудлыг ойрын хугацаанд шийдэх нь хамгийн зөв.
Замын-Үүд сум нь байнгын оршин суугчдаас гадна явуулын хүн ихтэй. Энэ нь бага насны хүүхэд алга болох эрсдэлийг нэмэгдүүлж байна хэмээн Замын-Үүд сумын оршин суугч иргэд учирлаж байгаа юм. Үүний зэрэгцээ БНХАУ-д хүйсийн тэгш эрх алдагдаж, хөрш зэргэлдээ, хил залгаа улсын захын суурингаас охид бүсгүйчүүдийг хулгайлах явдал гарах болсон талаар олон улсын агентлагууд мэдээлэх болсон билээ. Иймээс 8 настай охин ийм хэргийн золиос болчхоогүй байгаа хэмээн халаглах иргэд олширч байна. Үүнд ч анхаарал хандуулж, эрэн хайх ажиллагааг БНХАУ-ын хууль, хяналтын байгууллагатай хамтрах нь зөв юм.