8 давхраас 4 хүн унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг хэд хоногийн өмнө гарсан билээ. Тодруулах юм бол Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 204-р байрны найман давхарт гадна талын пасадны дулаалгын ажил хийж байсан 4 хүн унаж амь насаа алдсан юм. Уг барилга нь Монгол кино үйлдвэрийн хойно байрладаг угсармал байр юм. Сүүлийн үед угсармал байрны оршин суугчид дулаан алдагдлыг бууруулах зорилгоор гадна талаасаа пасадны дуулга хийлгэх болсон.
204-р байрны 7 болон 8-р давхрын айлууд гадна пасадны дуулга хийлгэхээр 4 иргэнийг хөлслөн ажиллуулж байсан байна. Эдгээр 4 иргэн нь хөдөлмөр, аюулгүй байдлын нөхцөлийг хангаагүй. Мөн холбогдох зөвшөөрлийг мэргэжлийн байгууллагаас аваагүй. Дулаалга хийлгэж байсан айлууд нь СӨХ-дөө мэдэгдээгүй зэрэг зөрчил илэрсэн талаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас мэдэгдэж байна.
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас гарсан ажлын хэсгийн дүгнэлтээр Амиа алдсан иргэд нь хууль бусаар гадна дулаалгын ажил хийж байсан. Уг ажлыг гүйцэтгэхдээ техникийн шаардлага хангаагүй гурван залгаас бүхий дүүжинт өргөөр ашиглаж байжээ. Улмаар залгаасны боолт мултарч унаснаар өргүүр дундуураа хуваагдаж, хоёр эсэг болсон. Дүүжинт өргүүр нь техникийн аюулгүй байдал хангаагүйгээс болж осол болсон байна. Өргүүр дээр ажиллаж байсан 4 иргэн нь өндөрт ажиллах хөдөлмөр аюулгүй байдлын наад захын хамгаалалтыг хэрэглээгүй байсан нь амь насаа алдах эрсдэлийг бий болгосон гэнэ. Учир нь 4 иргэн нь өндрийн хамгаалалтын бүс зүүгээгүй байсан байна.
Зарим барилгын компанийн хүмүүсийн хэлж байгаагаар тухайн нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс 100 метр олс, мөн хамгаалалтын 4 бүс зэргийг ашиглах ёстой байсан. Уг аюулгүйн хэрэгсэл нь 400-600 мянган төгрөг болно. Энэ мөнгөн дүн хүний амь насыг хамгаалах ёстой гэдгийг барилга дээр ажиллаж байгаа хүн бүр анхаарч, хөдөлмөр аюулгүй байдлын хангах тал дээр анхаарах ёстой. Хэрэв барилга дээр ажиллаж байгаа хүнд уг хамгаалалтын хэрэгслийг компани нь өгөөгүй нөхцөлд заавал нэхэж авах, эсвэл өндөрт ажиллахгүй байх эрхтэй гэж Мэргэжлийн байгууллагын төлөөлөл анхааруулж байна.
2 давхраас дээш барилга дээр аливаа ажил хийхэд заавал тусгай зөвшөөрөл авах ёстой байдаг. Мөн мэргэжлийн байгууллагад мэдэгдэж холбогдох зөвшөөрлийг авсны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэдэг байна.