Монгол Улсын хэмжээнд сүрьеэгийн эрт илрүүлэлтэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хоёр дахин нэмэгдүүллээ
“Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” сүрьеэгийн хэлэлцүүлэг сургалт зохион байгуулагдаж байна. Салбарын яам, Олон Улсын байгууллага, ХӨСҮТ, хөдөө орон нутгийн эмнэлгийн байгууллагууд, ТББ, эрдэмтэн судлаачид зэрэг шат шатны төлөөлөл оролцсон энэхүү арга хэмжээ нь сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг сааруулах, эмчилгээ оношилгоонд тулгамдаж буй олон асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэж буйгаараа онцлог юм.
Манай улсад жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагийн 10 хувь нь хүүхэд 70 хувь нь хөдөлмөрийн насны залуучууд байна. Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөлийн төвшнөөр гуравт бичигдэж, нас баралт болон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн нянгийн халдвар анхаарал татахуйц хэмжээнд байгаа нь төр засгийн зөв бодлого шийдвэр шаардлагатайг харуулж байна. Монгол Улсад 2012-2015 онуудад сүрьеэгийн улмаас нас барагсдын тоо буурсан боловч өнгөрсөн жилээс энэ тоо нэмэгдэж жилд дунджаар 200 хүн сүрьеэ өвчний улмаас амь насаа, 2000 гаруй хүн хөдөлмөрийн чадвараа алдаж байна.
Сүрьеэгийн тохиолдлын 85 хувийг амжилттай эмчлэх дэлхий дахины зорилтод манай улс хэдийн хүрсэн боловч нийгэм эдийн засгийн хүчин зүйлийн нөлөөгөөр эмзэг бүлгийн хүн амын дунд эмчилгээний амжилт тогтмол буурах хандлагатай байна.
Монгол Улсад хийгдсэн сүрьеэгийн эмэнд тэсвэржилтийн тандалт судалгаагаар нийт тохиолдлын 25.1 хувь нь сүрьеэгийн аль нэг эмэнд тэсвэртэй, 7.5 хувь нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэ байгаа бөгөөд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол мөн л нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Нэг өвчтөний эмийн зардалд 6000 ам.доллар зарцуулдаг, нэг хүн 10-15 хүнд халдвар тараах магадлалтай зэрэг хор хөнөөлийг дурдаж болно. Иймд эмэнд тэсвэртэй сүрьеэгээс урьдчилан сэргийлэх ажиллагааг бүх шатанд эрчимжүүлэх нэн шаардлагатай байна.
Сүрьеэ өвчний тархалт, нас баралтыг бууруулахад сөргөөр нөлөөлж буй шалтгаануудын нэг нь хожуу оношлогдох улмаар сүрьеэгийн эмэнд тэсвэржих явдал юм. Иймд эрт илрүүлэлтэд чухал шаардлагатай өндөр өртөг бүхий тоног төхөөрмжийг Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслөөс тусламж болгон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд хүлээлгэн өглөө.
Тодруулбал, нийт 532,479,450₮ төгрөгийн үнэ бүхий ЖенеЭкспэрт /GeneXpert/ зургаан ширхэг төхөөрөмжийг Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг, Ховд аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төв, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн лавлах лабораторид тус бүр нэгийг гардуулаа. ДЭМБ-аас зөвлөж буй энэхүү төхөөрөмжийг хэрэглэснээр сүрьеэг эрт оношлох, түрхэц сөрөг тохиолдлыг илрүүлэх улмаар эмэнд тэсвэртэй сүрьеэг богино хугацаанд /хоёр цагийн дотор/ тогтоож сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх ач холбогдолтой юм. Төхөөрөмж нь нэг удаа дөрөв, өдөрт 12-16, жилдээ 3300 орчим шинжилгээ хийх боломжтой. Эмэнд тэсвэртэй сүрьеэг эрт илрүүлэхээс гадна өвчний хожимдол, эрүүл мэндийн ажилтан болон өвчтөнд үзүүлэх чирэгдэл багасахд ач холбогдолтой ЖенеЭкспэрт төхөөрөмжийг Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслөөс энэ удаа өгсөн зургаан ширхгийг оролцуулаад нийт есөн ширхгийг нийлүүлээд байна. Ингэснээр Монгол улс нийт 14 ширхэг ЖенеЭкпэрт төхөөрөмжтэй боллоо.
Мөн нийт 1,134,308,580 төгрөгийн үнэ бүхий таван ширхэг зөөврийн дижитал рентген аппаратыг ШШГЕГазрын харьяа Хорих 429 дүгээр анги, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн газар, Дорнод аймгийн эрүүл мэндийн газар, Ховд аймгийн эрүүл мэндийн газарт тус бүр нэгийг өглөө. Дашрамд дурдахад, 2003-2017 онд Монгол Улс ДОХ, сүрьеэ эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Глобаль сангаас нийт 57,9 сая ам.долларын буцалтгүй тусламж авсан бөгөөд үүний 39 сая ам.долларын санхүүжилт нь сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зарцуулагдсан байна.
Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд сүрьеэгийн эсрэг олон талт арга хэмжээ хэрэгжүүлж буйн дотор 2006 онд анх эмэнд дасалтай сүрьеэг өөрийн оронд оношлох эмчлэх боломжийг бүрдүүлж, сүрьеэгийн эсрэг хоёрдугаар эгнээний өндөр өртөг бүхий эмийг тасралтгүй ханган нийлүүлж байна.