Агаарын бохирдлын сөрөг нөлөөнөөс бид хүүхдүүдээ хамгаалах боломжтой. Харин яаж? Харьцангуй өртөг багатай боловч үр дүнгээ өгөх цогц арга хэмжээг бодит жишээн дээр харуулах зорилгоор “Хүүхэд ба утаа” төслийг СХД-ийн Толгойт хорооллын 80-р цэцэрлэг дээр хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү төслийн үр шимийг нийт 370 гаруй 2-5 насны хүүхэд, 500 орчим эцэг эх, багш ажилтнууд хүртэх боломжтой боллоо.
Цогцоор авч байгаа арга хэмжээнд дараах үйл ажиллагаа орж байгаа юм.
Нэгд: Цэцэрлэгийн анги танхимын доторх агаарын чанарыг сайжруулах зорилгоор 7 давхар шүүлтүүр бүхий өндөр үр ашигтай агаар цэвэршүүлэх төхөөрөмжийг суурилуулж өгөв. агаарын чанар, нарийн тоосонцрын хэмжээг тогтмол хянах юм.
Хоёрт: Стандартад нийцсэн, бага насны хүүхдэд зориулсан, ХЕПА шүүлтүүр бүхий амны хаалт нийлүүлэх ажлыг хийж байна.
Гуравт: Дархлааны тогтолцоог дэмжих зорилгоор олон төрөлт бичил тэжээл нийлүүлэхээр болжээ.
Дөрөвт: Хорт утаанаас хэрхэн хүүхдээ болон өөрсдийгөө хамгаалах талаарх мэдлэг мэдээллийг бүтээх зорилгоор сургалт сурталчилгааны кампанит ажлыг эцэг эхчүүдэд зориулж зохион байгуулах ажлыг хийж байгаа юм.
Австралид төгсөгч 5 залуусын санаачилгаар эхэлсэн “Хүүхэд ба Утаа” төслийн нийт өртөг 50 сая төгрөг бөгөөд олон нийтээс хандив босгож хэрэгжүүлсэн байна.
Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл бөгөөд хамгийн их агаарын бохирдолтой эхний 10 хотын нэг юм. Нийслэл хотын иргэдийн нас баралтын 10% нь агаарын бохирдлоос шалтгаалсан гэх судалгааны дүн аюулын харанга дэлдэж байна.
Харин хүүхэд бол агаарын бохирдлын сөрөг нөлөөлөлд хамгийн ихээр өртдөг. 2015 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс болж 4 хүртэлх насны 435 хүүхэд нас барсан гэсэн тоог НҮБ ын Хүүхдийн Сан гаргасан байна. ГЭВЧ БИД ЭНЭ ТООГ БУУРУУЛЖ ЧАДНА.
Хүүхэд ба Утаа төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг / Facebook хуудас: Хүүхэд ба утаа / Smog and kids / хаягаас авах боломжтой.