Нийслэлийн ИТХ төсвийн тодотголоо хэлэлцэж байна. Нийслэлийн 2017 оны төсвийн нийт орлого 2016 оны төсөвтэй харьцуулахад 76,7 тэрбум төгрөг буюу 14,1 хувиар нэмэгдсэн байна. Төсвийн урсгал зардал 2016 оны батлагдсан төсвөөс 16,8 тэрбум буюу 5,8 хувиар нэмэгдсэн байна.
Төсөв мөнгө хангалттай байгаа байгаа боловч нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудал болох угсармал орон сууцны дулаалга, гэр хорооллын дахин төлөвлөлтөд мөнгө тавиагүй хэрнээ захиргааны урсгал зардлаа нэмж оруулж ирсэнийг АН-ын бүлэг шүүмжилж байгаа юм байна.
Мөн төсвийн тодотголд тодорхой бус ажлуудад мөнгө тавьж байхын оронд Улаанбаатар хотыг хүүхдэд ээлтэй болгох чиглэлээр бүх талаар анхаарч, Үндсэн чиглэл, төсөвт тодорхой хэмжээнд шийдвэрлэж явах учиртай гэж тус бүлэг үзсэн байна. Тус намын эмэгтэй гишүүд Улаанбаатар хотыг хүүхдэд ээлтэй болгох санаачилга гаргаад байгаа юм байна.
Улаанбаатарчуудын хувьд ажилгүйдлийн түвшин өндөр, залуучууд нь гадаад явж ажиллахаас өөр ажлын байрны хомсдолд ороод байгаа энэ үед хөдөлмөр эрхлэлийг дэмжих, тэр дундаа гарааны бизнес эрхлэх иргэдийг дэмжих, банкны шаардлагад хүрдэггүй ч тодорхой өрхийн үйлдвэрлэл бизнес эрхлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх сан байгуулж, гарааны бизнесийг дэмжиж ажиллах ёстой гэж тус бүлгийн гишүүд үзжээ.
Агаарын бохирдлыг бууруулахад зориулж, төсвийн тодотголд 4.6 тэрбумыг юунд зориулах нь тодорхой бусаар нэмж тусган оруулж ирсэн байна. Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн байхад хийх ажил тодорхой бус, агаарын бохирдлын төсөв байнга мөнгө нэмэгдүүлдэг байдлыг АН-ын гишүүд шүүмжилж, тодорхой ажлуудыг эрэмбэлэн төсөвт суулгах ёстой гэж байв. Нийслэлийн хэмжээнд агаарын бохирдолын 1, 2 дугаар бүсэд байрладаг, Ерөнхий боловсролын 61 сургууль болон эрүүл мэндийн байгууллагийн дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах агаар шүүгч тавихад 1 тэрбум төгрөгийг суулгах тодорхой санал оруулжээ.
Түүнчлэн Нийслэлийн 2017 оны төсөвт газрын төлбөр 11.2 тэрбум тасарсан, төсөвт байгууллагын өөрийн орлого 11.8 тэрбум тасарсан гэх мэтчилэн холбогдох төрийн байгууллагууд ажлаа хангалтгүй хийсний улмаас 26-27 тэрбум төгрөгийн орлого дутуу төвлөрсөн байна. Гэтэл хүү, торгуулийн орлого 3,4 турбумаар давж биелсэн нь хотын удирдлага албан ажлаа хангалтгүй хийсэн хэрнээ иргэдээ хүү торгуулиар дарамтлан ажиллажээ гэдэг дүгнэлтэд хүргэж байгаа аж.
Үүнээс гадна орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд 26 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Эдгээр үйлдвэрийг газруудын засаглалыг сайжруулах зорилгоор мэргэжилтнүүдийг оролцуулсан Түр хороог НИТХ-аас байгуулан ажиллах шаардлагатай гэж АН-ын бүлэг үзэж байгаа юм байна.