Д.Амарбаясгалан: МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хэмжээлшгүй эрхийг хязгаарлах, зөвлөх эрх надад байгаа
МАН-ын ээлжит их хурал болж, шинээр бага хурлын 369 гишүүн, удирдах зөвлөлийн гишүүдээ сонгож ажиллуулж эхэлсэн билээ. Уг их хурлаар шийдсэн нэг том алхам нь МАН-ын дүрмийн шинэчлэл юм. Уг шинэчлэлийн хүрээнд МАН-ын удирдах зөвлөлийн намын дарга бус намын Ерөнхий нарийн бичгийн дарга удирдаж байхаар болжээ.
Энэ хүрээнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь МАН-ын гал тогоог хариуцахаас гадна намын даргынхаа эрх мэдлийг нэмэгдүүлэх, эс нэмэгдүүлэх эрх мэдлийг давхар атгах боломжтой боллоо гэсэн үг.
Өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлийн хурал хийхдээ энэ талаар байр сууриа илэрхийлсэн юм. Түүний хувьд намын дүрмийн шинэчлэлийн хүрээнд орсон өөрчлөлт нь эерэг болон сөрөг талтай байж магадгүй гэв.
Д.Амарбаясгалан: Хуучин МАН-ын Удирдах зөвлөлийг намын дарга удирддаг байсан. Одоо Ерөнхий нарийн бичгийн дарга удирдана. Намын даргад улс төрийн дэмжлэг үзүүлэх, нөгөө талдаа намын даргын хэмжээлшгүй эрхийг хазаарлах, алдааг нь засах үүргийг давхар хүлээж байгаа юм. Ерөнхий нарийн бичгийн дарга намын гал тогоог хариуцахаас гадна намаас гарах улс төрийн том шийдвэрт Удирдах зөвлөлийн даргын хүрээнд нөлөөлөх боломжтой.
Ийнхүү МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд намаасаа авах дэмжлэгээ өөр дээрээ төвлөрүүлэхээс гадна Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан дээр бас үүрүүлж байна. Энэ нь нэг талаасаа зөв. У.Хүрэлсүхийн хувьд ширүүн, цочмог шийдвэр гаргах магадлалтай нэгэн. Хүнийг гуйж, эвлэрч, зөвлөлдөх гэдэг түүний хувьд тэргүүн сонголт биш. Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хувьд энэ тал дээр У.Хүрэлсүхээсээ давуу талтай нэгэн. Түүний хувьд ширүүн дүр төрхтэй ч гэсэн хачир дээрээ намынхаа удирдах зөвлөлийн гишүүдийн эвийг олох, хооронд нь зөвлөж, зөөлрүүлэх тал дээр хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн юм. Энэ утгаараа намын удирдах зөвлөлийн даргаар ажиллах нь Д.Амарбаясгаланд сайн талтай гэхээсээ илүү У.Хүрэлсүхэд том дэмжлэг юм.
Ийм л өөрчлөлтийг тус намынхан дүрмээрээ хийжээ. Энэ нь нэг талаасаа өнгөрсөн хугацаанд нэг фракцын төлөөлөл намын дарга болоход нөгөө фракцын төлөөлөл Ерөнхий нарийн бичгийн дарга болдог байсан тохиролцоог болих шийдэл байж мэднэ. Шууд л нэг талдаа намын удирдлагыг авах юм. Үүнийг У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар хийлээ. Тэд Зүүний хүчний холбоо хэмээх МАН дотор байх хүчтэй фракцын толгой улс төрчид билээ.