НИТХ-ын дийлэнх олонхийг бүрдүүлсэн Нийслэлийн удирдлага хурлын дэгээ барихгүй, хүчинддэг болжээ. Нийслэлийн 2018 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр НИТХ өнөөдөр хуралдсан юм.
Нийслэлийн төсвийг Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлтэй уялдуулан хэлэлцэх ёстой. Гэвч Үндсэн чиглэлийн батлагдсан хувийг төлөөлөгчдөд өгөөгүй байгаа аж. Мөн ажлын 3 хоногийн өмнө төлөөлөгчдөд төсвийн төслийг өгөх ёстой боловч баасан гарагт ажил тарсан хойно 8,35 минутад бүлгийн ажлын албанд өгсөн байна. Гэсэн хэдий ч төсвийн хэлэлцүүлгийг эхлүүлэхээр эрх баригч намынхан зүтгэжээ.
АН-ын бүлгийнхэн төсвөө хугацаанд нь батлахыг дэмжиж байна, гэхдээ нийслэлчүүдийн бүтэн жилийн амьдралыг шийдвэрлэх төсөв хэлэлцэхэд хариуцлагатай хандах ёстой, дэгээ барьж хуралдья, Үндсэн чиглэлийг төлөөлөгчдөд ирүүлсэний дараа хэлэлцье, харин гамшгийн хэмжээнд хүрээд байгаа Агаарын бохирдлын асуудал ямар түвшинд байгаа, ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар төсөв хэлэлцэхээс өмнө хэлэлцье гэдэг санал гаргасан нь МАН-ынханы бухимдлыг төрүүлэв.
МАН-ын төлөөлөгчдийн үзэж байгаагаар бол таалагдсан, таалагдаагүй ч хэлэлцэх ёстой, дэг зөрчсөн ч гэсэн хуралдах ёстой, сөрөг хүчин улстөр хийж байна гэж үзсэн байна.
Ингээд АН, МАН-ын бүлгийн дарга нар зөвшилцсөний эцэст НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу маргааш өглөө хүртэл АН завсарлага авч, агаарын бохирдлын асуудлаар хуралдаан үргэлжилж байна.
Уг нь хуралдааны дэгийг зөрчих гэж биш, дэгийн дагуу ажиллах гэж НИТХ дэгээ баталсан байлтай.