Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц албан тушаалаа өгөхөөсөө өмнө “Өөрийн төрсөн хүү Н.Анхбаяр болон IV цахилгаан станцын дарга Анхбаяр нараар дамжуулан 42 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн Эрдэнэт үйлдвэрт шахсан хүн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гэгч хэмээн мэдэгдэж байсан билээ. Үүгээр зогсохгүй Эрдэнэт үйлдвэрт шахаа хийдэг том бүлэглэл байдаг. Энэ хүмүүсийн нэг нь Ц.Нямдорж хэмээх этгээд гэж Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц удаа дараа мэдэгдэж байгаа.
Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хувьд уг асуудлыг үгүйсгэх болсон. Өөрийнх нь хүү Н.Анхбаяр гэгч нь Эрдэнэт үйлдвэрт бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тендэрт орж шалгарч байсан нь үнэн. Гэхдээ ямар нэгэн байдлаар шахаа хийж мөнгө аваагүй гэж байв. Уг ажилд Ц.Нямдорж гэж хүн танил талаасаа гуйсан төдий. Дэмжих боломжтой эсэхийг асуусан хэмээн 2016 оны сонгуулийн өмнө тайлбар өгч байсан. Уг тайлбартайгаа л өнөөдөр яваа.
Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хийсэн дээрх мэдээлэлтэй холбоотойгоор АТГ-аас тайлбар өглөө. Уг асуудлын маргааныг цэг тавих газрын нэг бол яах аргагүй Авлигатай тэмцэх газар билээ.
АТГ-ын комиссар Э.Идэрцог: “Ц.Нямдорж сайдын хүүхэд “Эрдэнэт үйлдвэр”-т бараа бүтээгдэхүүн шахсан гэдэг ямар нэгэн хэрэг АТГ-т шалгагдаагүй гэдгийг хэлмээр байна. ТЭЦ 4-ийн захирлаар ажиллаж байгаа Анхбаяртай холбоотой асуудлыг шалгасан. "Эрдэнэт үйлдвэр”-т Анхбаяр гэдэг нэртэй хүн бараа бүтээгдэхүүн шахсан асуудал огт байхгүй байна. Энэ асуудлыг шалгаад бид хаах саналтайгаар Нийслэлийн Прокурорын газар шилжүүлсэн” хэмээх тайлбарыг өгч байна.
Ийнхүү Б.Хурцын хийсэн мэдээлэл зөвхөн хэсэг өдөр шуугиад өнгөрөх явган яриа болж байх шиг байна. Үнэхээр л Ц.Нямдоржийн 42 сая ам долларын шахааны бизнесийн асуудал байгаа бол Б.Хурц баримт материалыг Авлигатай тэмцэх газарт өгөх хэрэгтэй болж байна. Эсвэл худал үг болж хувирч байх шиг байна.