МАН-ын ээлжит их хурал аядуу зөөлөн талдаа болж өнгөрсөн. Харин намын бага хурлын хувьд тийм ч аядуу зөөлөн болоогүй гэдгийг тус намынхан ам уралдан ярьж байна. МАН-ын бага хурал 369 гишүүнтэй. Аймаг бүрийн мандатын тоон дээр МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрийн төлөөлөл болох хүмүүсээ ганц, нэгээр нь чихэх гэж оролдсон нь олон хүний эгдүүцлийг төрүүлсэн мэдээлэл байна. Тухайлбал Төв аймгийн мандат дээр У.Хүрэлсүхийн туслах залуу Лүндэг гэгч хүч түрэн орж ирсэн гэнэ. Энэ бүхэн нь зарим аймгийн намын хорооны дарга нарыг эгдүүцлийг төрүүлсэн учраас намын удирдлагад хатуухан мэдэгдэл хийж, хоёр тал болон үгээр дайтсан сурагтай. Зарим нь үг бус нударгаар ч асуудлыг шийдэх гэж үзсэн тухай шуум гарч байна.
МАН-ын хуваагдал арилсан. Одоо УИХ дээр 33 болон 32-ын бүлэг гэж байхгүй хэмээн тус намын дарга У.Хүрэлсүх мэдэгдсэн. Өнөөдөр ч тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан яг ийм үгийг тоть шиг давтав. Тэд үнэхээр л МАН эвтэй, нэг талдаа гарсан гэдэг ойлголтыг төрүүлэх гэж хичээж, бас хэн ч асуугаагүй байхад л ам уралдан ярьж байгаагийн цаана байдал тийм биш гэдгийг бататгаад байх шиг.
УИХ дахь 32-ын бүлгийн төлөөлөл болох МАН-ын хуучин дарга М.Энхболд тахимаа өгөхдөө шинэ намын даргад Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэхдээ Д.Хаянхярваатай зөвшилцөх хэрэгтэй гэдгийг сануулсан. Үнэн хэрэгтээ энэ бол өөртэйгөө ярилцаж гаргаарай гэсэн аядуу зөөлөн анхааруулга нь байв. Яг л түүний хэлсэн үгээр бол МАН-ын удирдах зөвлөлийн 29 гишүүний 14 төлөөлөл нь М.Энхболдын толгойлдог 32-ын бүлгийнхэн. Тэд 2020 он хүртэл намын бодлогын шийдвэрт хүчтэй нөлөөлөх болно.
МАН-ын удирдах зөвлөлд багтсан, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хувьд намынхаа хурал дээр шинэ Засгийн газрын ажлыг 100 хоног харна. Хэрэв хэлсэндээ байхгүй, хэрэгжүүлэх ажил нь алдаатай байсан нөхцөлд өөрийг нь унагаасан тоглоомыг дахин эхлүүлэхэд гайхах зүйлгүй тухай үг унагаасан мэдээлэл, бор шувуу дуулдаж байна. Энэ үнэхээр үнэн бол Ж.Эрдэнэбат гэдэг хүн өнөөдөртөө хүлээцтэй хандана. Харин маргааш бол У.Хүрэлсүхийн алдааг анхаарахгүй өнгөрүүлэхгүй гэдэг үнэн бололтой.
32-ын бүлгээс гомдол тээж, үүнийгээ ч ил цагаан зарлаж байгаа хүмүүс бол Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар. Тэд намын их хурал дээрээ цаашид аядуу зөөлөн байна гэдгээ хэлсэн. Гэхдээ бас алдаа, дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөхгүй гэдгээ ч сануулсан билээ. Эд Засгийн газрыг шүүмжлэх, алдаа дутагдлыг нь харах гэсэн улайралд автсаар байх болно. Тэдний гомдол тийм ч амар тайлагдахгүй.
У.Хүрэлсүхийн талынхан УИХ дахь албан тушаалаар оролдох бодолтой байгаа. Үүнийгээ ч намынхаа хурал, уулзалт дээр ил болон далд хэлбэрээр илэрхийлэх болжээ. УИХ дээр гурван том албан тушаал дээр 32-ын бүлгийн төлөөлөл сууж байгаа. УИХ-ын дэд даргаар саяхан 32-ын бүлгийн төлөөлөл Л.Энх-Амгалан томилогдсон. Түүнийг өөрчлөх боломжгүй. Сая албан тушаалаа авсан учир, хаалттай. Харин хамгийн эхэнд өөрчлөх боломжтой ажил алба бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга. Уг албан тушаал дээр Д.Хаянхярваа байдаг. Сая МАН-ын даргын төлөө У.Хүрэлсүхтэй өрсөлдөж 36 хувийн санал авсан. Энэ утгаараа түүний хувьд суудлаа хамгаалах тактик байв. Бүлгийн даргын албан тушаалыг 32-ынхон хадгалах нь ойлгомжтой. Ийм нөхцөлд энэ албан тушаал дээр очих ёстой гишүүн бол Ж.Энхбаяр гэх яриаг 33-ын талынхан гаргаад байна. Гэвч бүтэлтэй болох эсэх эргэлзээтэй. Хэрэв ингэж зүтгэвэл Аядуу зөөлөн зантай гэх МАН-ын 32-ын бүлгийнхэн тийм биш гэдгээ харуулах болно.
УИХ-ын дарга М.Энхболд. Түүний албан тушаалыг авах тухай яриа сошиал дээр мэр сэр харагдах болсон. Энэ бол зөвхөн л нийгмийн сүлжээнд байгаа хүмүүсийн байр суурь. Харин МАН-ын удирдлагын төвшинд М.Энхболдоос УИХ-ын даргын суудлыг нь авах зоригтой албан тушаалтан байхгүй. У.Хүрэлсүхийн хувьд тэгж өөрийгөө золигт гаргах шаардлага байхгүй. Дан дээлтэй, намын дарга гэсэн сэтэртэйгээр Ерөнхий сайдын суудлаа хамгаалах гэж байгаа түүний хувьд М.Энхболд бол хамгийн эрсдэлтэй өрсөлдөгч. Түүний хувьд М.Энхболдыг 2020 он хүртэл УИХ-ын даргын суудалтай нь үлдээхээр шийдсэн байх нь гарцаагүй.
Ийм нөхцөлд гагцхүү УИХ дахь МАН-ын бүлгийн даргын суудлыг л 33 болон 32-ын талынхан булаацалдаж мэднэ. Гэхдээ энэ удаад уг суудлыг аядуу зөөлөн талдаа үлдээх нь бяртай намын даргын зөв алхам байж мэднэ. Ядаж л Засгийн газрын 100 хоног хүртэл энэ тал дээр жинхэнэ аядуу зөөлөн байхаас өөр арга байхгүй. Хэрэв тийм биш бол Засгийн газрыг огцруулах бичгийг бариад гүйхэд бэлэн 32 гишүүн хумсаа мэрээд сууж байгаа.