Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан гэж ёс төдий л аргацаасан хурал болдог болжээ. Уг нь нийслэлийн 2018 оны төсвийг хэлэлцэж, хаана хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, хэдэн төгрөгийн төсөв хэрхэн бүрдүүлэх зэрэг чухал асуудлыг ярилцаж байгаа. Гэтэл НИТХ-ын хуралдаанд хэдхэн хүн сууж, Улаанбаатарчуудын тулгамдсан асуудлыг шийдэх шийдлийн талаар ярилцсан болж байна.
Дээрх зурагнаас харахад эрх баригч МАН-ын 34 төлөөлөгчийн хэдхэн хүн л хуралдаа сууж харагдана. Харин бусад нь Нийслэлийн засаг дарга С.Батболдын оруулж ирсэн 2018 оны Улаанбаатар хотын төсвийг төслийг үгүйсгэсэн. Нөгөө хэсэг нь НИТХ-ын дарга С.Амарсайханы хурал удирдаж байгаа ааш аягт эсэргүүцэх байдлаар ажилдаа ирэхгүй. Ирсэн нэг нь орж гарах байдлаар ёс төдий аашлах болжээ.
НИТХ дахь МАН-ын бүлэг 34 төлөөлөгчтэй. Бүлгийн даргаар С.Мөнхчулуун гэж залуу ажиллаж байна. НИТХ-ын дарга нь эрх баригч намын төлөөлөл С.Амарсайхан. Түүний хувьд 34 төлөөлөгчийнхөө бүрэн итгэлийг хүлээж чадахгүй өнөөдрийг хүрч байгаа билээ. МАН дотор ч тэр С.Амарсайхан гэдэг хүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэх явган яриа дуулдах юм билээ. Үүний нэг жишээ нь МАН-ын сая болсон их хурал, түүнээс бүрэлдсэн бага хурлаас С.Амарсайхан дэмжлэг авч чадалгүй Удирдах зөвлөлийн гадна үлдсэн. Хэрэв түүний хувьд хүлээн зөвшөөрөгдсөн улс төрч байсан бол НИТХ-ын дарга гэдэг том албан тушаалын ранкаараа шууд л МАН-ын удирдах зөвлөлд багтах боломжтой. Гэтэл нам нь түүнийг тэгж үнэлэхгүй байгаа бололтой.Ийнхүү намынхаа удирдах шатанд өөрийн суудлаа бэхжүүлж чадаагүй НИТХ-ын дарга С.Амарсайхан төрийн ажилдаа ч эзэн сууж чадаагүй л байна.
Улаанбаатар хотын 2018 оны төсвийг хэлэлцэх хуралд төлөөлөгч нар нь орж гарсан, асуудлыг шийдэх, хэлэлцэхэд үл тоож байгаа нь НИТХ-ын даргын нөлөө төлөөлөгч нарын дунд төдийлөн баттай биш байгаагийн илрэл болов уу. Хэрэв НИТХ-ын дарга зангарагатай, төлөөлөгч нартаа хүлээн зөвшөөрөгдсөн бол ирц хүлээж, хурал эхлэх цаг хойшлохгүй, ирсэн төлөөлөгч нар хуралдааны хэлэлцүүлгийг хаяад явж зүрхлэхгүй шүү дээ. Гэтэл МАН-ын бүлгийн 34 төлөөлөгчийн дийлэнх нь буюу 20 орчим төлөөлөгч даргынхаа үгийг үг гэж бодохгүй, үйлдэл, сануулгыг огт тоохгүй яваа талаар НИТХ-ын зарим төлөөлөгч нар ам уралдан ярьж байна.
НИТХ дахь МАН-ын бүлгийн 2 хуваагдал 17: 17 гэж талцах болсон. Энэ тоо сүүлийн үед дээш доош хэлбэлзэж эхэлсэн мэдээлэл байна. Үүний зэрэгцээ Нийслэлийн засаг дарга С.Батболдыг зарим төлөөлөгч нар зэмлэх болжээ. Энэ бүхэн нь дээрээ суудлаа олох гэж зүдэрч байгаа МАН-ын талцал, хуваагдал доороо ч эвлэрч өгөхгүй хэцүү байдалд хүрэх эрсдэлийг нэмэгдүүлсээр байна.
Улаанбаатар хотын 1000 гаруй иргэн 2018 оны Нийслэлийн төсөвт санал хүргүүлсэн. 15 гол ажлыг хөрөнгө оруулалт гарган хийхийг Улаанбаатарын иргэд хүссэн гэнэ. Гэвч Нийслэлийн 2018 оны төсөв дээр уг асуудлыг Нийслэлийн удирдлага оруулаагүй байна. Үүн дээр нь шахалт үзүүлж, оруулах, хөрөнгө оруулалтыг нь тусгах, шийдвэр гаргах үүрэгтэй МАН-ын төлөөлөгч нар хуралдаа суухгүй байгаа нь хариуцлага үгүй үйлдэл хэмээн НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү өгүүлж байлаа. Улаанбаатар хотын утааг бууруулах, Нийслэлийн замын ачааллыг багасгах зэрэгт хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Гэтэл энэ тал дээрх гарц, гаргалгааг хэлэлцэж байгаа зүйл НИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгч нарт алга гэнэ.
Улаанбаатар хотын 2018 оны төсөв энэ оноос нэмэгдэж 700 гаруй тэрбум төгрөг болсон. Нийслэлийн төсвийн орлогыг 95 хувийг татвар, хураамжаас бүрдүүлнэ. Ийнхүү иргэд, аж ахуйн нэгжээс татвар авч төсвөө бүрдүүлэх гэж байгаа аз жаргалтай Улаанбаатар хотын удирдлага эргээд иргэдийнхээ амар амгалан, тайван амьдралын төлөө хөрөнгө гаргаж, бүтээн байгуулалт өрнүүлэхдээ хойрго хандах бололтой. Үүний тод жишээ нь төсөв хэлэлцэх хурал эл хуль, төлөөлөгч нар нь тоосон шинж үгүй гарч орж байгаагаас харж болох юм.