Улаанбаатар хотын 2018 оны төсвийн анхны хэлэлцүүлэг дууслаа

Улаанбаатар хотын 2018 оны төсвийн анхны хэлэлцүүлэг дууслаа

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус  хоёрдугаар чуулганаар  Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”- ийн анхны хэлэлцүүлэгийг хийж дууслаа. 

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ Улаанбаатар хот  2018 онд концессын өрийн төлбөрөө барагдуулж дуусна.  Зүүн дөрвөн замын давхар замын уулзварын ажлыг эхлүүлнэ. Эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарч, улс нийслэлийн төсвөөр   шинэ барилгын ажлыг  эхлүүлнэ. Зөвхөн нийслэлд гэхэд  100 орчим обьектын ажил хийхээр төлөвлөөд байна. Хот, нийтийн аж ахуйн салбарт чамгүй ажил хийхээр ч төсөвлөсөн. Бичил цэцэрлэг байгуулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх ажлуудыг дурьдаж болно.  Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлж, иргэдэд чирэгдэлгүй,  барилгын компаниудад ч эрсдэлгүй ажлыг хийхээр тусгасан.  Энэ ажлыг эрчимжүүлэх “Сервис центр” барих ажлуудыг ч  төсөвтөө тусгасныг онцолж байна. Хэдий нийслэлийн төсвийн бүрдүүлэлтийн  60 гаруй хувийг улсын төсөвт татан төвлөрүүлж байгаа ч Монгол  Улсын нэгдсэн төсвөөс  Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад  зориулж  200 гаруй тэрбум төгрөгний ажил  суулгасан байна.  50 гаруй  сургууль, 30 гаруй цэцэрлэг барих ажлыг хэлж болно.  Мөн гадаадын зээл тусламжаар хийгдэх ажлууд их бий.  Монгол Улсын Засгийн газраас олон жил ярьсан, худалч хүнд бараг мянгуужингийн үлгэр болоод байсан “Төв цэвэрлэх байгууламж”-ийг  шинээр барих ажлыг  эхлүүлэх шийдвэр гаргаж, хөрөнгө оруулалтыг шийдвэрлээд байна. Мөн  БНСУ-ын  тусламжтайгаар “Харгиа” цэвэрлэх байгууламжийг ч шинэчлэх ажлууд хийгдэнэ. Энэ утгаараа  Нийслэлийн  2018 оны төсөв бол эдийн засгийн хүндхэн үед өрөө эцэслэж, улсын төсөв, гадаадын зээл тусламжийн дэмжлэгтэйгээр томоохон  хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж чадсан төсөв болж байгааг хотын дарга онцоллоо. Ирэх оны том зорилт бол  Хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг  УИХ -аар хэлэлцүүлэн батлуулж, Улаанбаатар хот эдийн засгийн хувьд бие даасан  бонд гаргадаг, концессын гэрээний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чаддаг, иргэдийнхээ амар амгалан, аюулгүй орчинг бүрдүүлсэн  хот байх боломж бүрдэнэ гэдгийг хэллээ.  Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид Нийслэлийн  2018 оны төсвийн талаар асуулт асууж, санал хэллээ.  Ийнхүү Нийслэлийн  2018 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг  Нийслэлийн иргэдийн хурал  хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэн, хороод болон намын бүлгүүд хэлэлцэхээр тогтов. Ингээд арванхоёрдугаар сарын 4 буюу даваа гарагт Нийслэлийн 2018 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг хийгдэх тов гаргалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.