Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Ипотекийн зээлийн хэрэгжүүлэлт зэрэгт оновчтой шийдвэр гаргаагүй. Бэлэн мөнгө хэвлэж, эдийн засагт оруулсан нь маш том хүнд нөхцлийг бий болгосон зэрэг шүүмжлэлийг эрх баригч намын зарим төлөөлөл хэлэх болсон билээ.
Энэ хүрээнд Т.Аюурсайхан нарын гишүүд 2016 оны сүүлээс эхлэн Монголбанкны хуучин удирдлагыг шалгах ёстой гэсэн шаардлага тавих болсон. 2012-2016 оны хооронд Монголбанкны Ерөнхийлөгчөөр Н.Золжаргал, тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр одоогийн УИХ-ын гишүүн, МАН-ын төлөөлөл Б.Жавхлан нар ажиллаж байсан билээ.
Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас албан тушаалаа урвуулсан, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх зэрэг хуулийн зүйл заалтаар хэрэг үүсгэн шалгаж эхлээд чамгүй хугацаа өнгөрч байгаа. Уг хэргийн шалгалтын явцын талаарх мэдээллийг АТГ-аас өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа юм. Н.Золжаргалыг гадуур байцааж, хилээр орж гарахад нь зөвшөөрөл өгөх зэргээр ажиллаж байсан гэх мэдээлэл байдаг. Харин уг хэргийн шалгах явц эрчимжиж цагдан хорьж, шалгах хэмжээнд хүрсэн гэх мэдээлэл дуулдаж байна. Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулжээ. Хэдийгээр АТГ-ын албан ёсны мэдээлэл гараагүй ч гэсэн зарим эх сурвалжийн хэлж байгаагаар бол Н.Золжаргалыг АТГ-аас өчигдөр цагдан хорьсон гэх мэдээлэл байна.
Н.Золжаргалыг үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улсад их хэмжээний хохирол учруулсан. Мөн Ипотекийн зээлийн хэрэгжилттэй холбоотой, Чингис бондын зарцуулалттай холбоотойгоор хэрэг үүсгэн шалгаж байгаа гэдэг мэдээлэл байна.
2012-2016 оны хооронд инфляцийг барихын тулд үнэ тогтворжуулах хөтөлбөрийг Монголбанкнаас хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд бэлэн мөнгө хэвлэж зээл хэлбэрээр аж ахуйн нэгжид олгосон байдаг. 1,9 их наяд төгрөгийн үнэ тогтворжуулах хөтөлбөрт зарцуулсан гэх мэдээлэл байгаа.
Харин ипотекийн зээлд 3,7 их наяд төгрөг зарцуулсан. 80 орчим мянган иргэн ипотекийн зээлд хамрагдсан гэдэг мэдээлэл байдаг. Нэг талаасаа иргэд ипотекийн зээлд хамрагдсан нь сайн ч гэсэн нөгөө талдаа арилжааны банк, Ипотекийн корпораци гэх дундын байгууллага бий болж, ашиг олдог болсон нь уг хөтөлбөрийн хэрэгжүүлэх явцын гажуудал гэсэн шүүмжлэл өнөөдөр эрх баригчдаас гарч байгаа билээ. Иймээс уг хэргийг шалгаж байж болзошгүй юм.