Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох шийдвэрлэх, мэдээлэл сурталчилгаа түгээх, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөхөд нотолгоонд суурилсан мэдээ мэдээллийг ашиглах нь чухал. Тиймээс дэлхий нийтийн ДОХ-той тэмцэх өдрийн үйл ажиллагааны хүрээнд ХӨСҮТ-ийн ДОХ, бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны алба, Монголын ДОХ-той тэмцэх нийгэмлэг санаачлан эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг зохион байгуулах гэж байна. Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр эрдэм шинжилгээний судалгаа болон явуулж буй үйл ажиллагааны үр дүнг нотолгоонд суурилан танилцуулах зорилготой уг арга хэмжээ нь ДОХ-ын асуудлаарх анхны эрдэм шинжилгээний хурал гэдгээрээ онцлог юм.
Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн яам, Глобаль сан, НҮБ-ын Хүн амын сан, АШУҮИС, Монголын ДОХ-той тэмцэх нийгэмлэг болон бусад төрийн болон төрийн бус байгууллагууд оролцох юм байна.