Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг Авлигатай тэмцэх газраас баривчилж, 461-р урьдчилан хорих ангид түр саатуулсан мэдээлэл гараад байна. Энэ талаар Авлигатай тэмцэх газраас тодруулах гэсэн боловч, тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа юм. Харин албан бус эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр бол ийм үйл явдал болсон нь үнэн. Авлигатай тэмцэх газрын зүгээс Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Ипотекийн зээл зэрэг зарцуулсан бэлэн мөнгө болон бусад бодлогын асуудлаар шалгаж эхэлсэн. Уг шалгалтын ажилтай холбоотой хорьж, байцаах хэрэг гарсан гэдэг мэдээлэл байна.
Харин Улс төрийн хүрээнд бол арай өөр таамаг, явган яриа гарах болов. Авлигатай тэмцэх газрын дарга Энхжаргалыг ажлаа өгөхийг шаардаж эхэлсэн мэдээлэл байна. Эрх баригч МАН-ын төлөөлөл түүнийг шахаагүй. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чимээгүйхэн ажлаа өг. Ерөнхийлөгчийн томилдог байгууллагын дарга учраас энэ асуудал дээр тохиролцох санал тавьсан. Харин Авлигатай тэмцэх газрын дарга хуулийн хүрээнд ажлаа явуулж байгаа гэдэг тайлбартайгаар өөрийн хүсэлтээр ажлаа өгөхгүй гэж мэдэгджээ. Энэ бүхэн нь дээрх хоёр албан тушаалтан болон эрх баригч намын нөлөө бүхий улс төрчдийн дунд ярианы сэдэв болж эхэлсэн гэнэ.
Авлгиатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал нь МАН-ын хэд хэдэн улс төрчийн өндөр дэмжлэгтэй. Тэр дундаа УИХ-ын дарга М.Энхболдын фракцын төлөөлөл гэж зарим нь үздэг, бас тэгж ярьдаг билээ. Мөн хуучин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ч дэмжлэгийг авсан нэгэн гэх яриа байдаг. Үүгээр дамжуулаад Ардчилсан намын нөлөө бүхий хэд хэдэн улс төрчийн дэмжлэг Авлигатай тэмцэх газрын дарга Энхжаргалд байгаа. Энэ утгаараа түүний хувьд олон талаасаа хамгаалалттай нэгэн гэнэ. Ийм үед Х.Баттулга Ерөнхийлөгч Авлигатай тэмцэх газрын дарга Энхжаргалыг тийм амархан суудлаас нь ховхолж дөнгөхгүй. Өөрийн талын хүнийг уг байгууллагын даргаар тавих боломж бага гэсэн яриа юм.
Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал бол МоАХ фракцын том төлөөлөл. Ерөнхийлөгч Х.Баттулгатай олон жил ойр нөхөрлөж яваа нэгэн. Тэр утгаараа Энхжаргал даргын хувьд өөрийнх нь суудлыг ганхуулах гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулгад анхааруулга, бас сануулга өгсөн үйлдэл нь Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг баривчилсан явдал байлаа хэмээх таамаг яриа Төрийн ордонд улс төрчдийн дунд хөвөрч байна. Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 1,9 их наяд төгрөгийн зарцуулсан байдал. Мөн ипотекийн зээлийн 3,7 их наяд төгрөгийн зарцуулсан байдал зэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн билээ. Энэхүү шалгалт нь 2016 оны сонгуулийн дараагаас л эхэлсэн ажил. Уг хэрэгт холбогдуулан нэмж Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч асан Б.Жавхлан, дэд ерөнхийлөгч асан Э.Батшугар нарыг нэмж шалгаж эхэлсэн мэдээлэл байгаа. Э.Батшугар нь МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү. Харин Б.Жавхлан нь МАН-ын гишүүн, одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.