ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Гаалийн болон НӨAT-aac чөлөөлөх” тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг өглөө

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Гаалийн болон НӨAT-aac чөлөөлөх” тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг өглөө

“Гаалийн болон нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх” тухай хууль батлагдсантай холбоотойгоор ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг яамныхаа газар, хэлтсийн дарга нарт уг хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг өглөө.

2017-2018 оны өвөлжилт, хаваржилтад бэлтгэхэд шаардагдах малын тэжээл, өвс, 225 мянга хүртэл тонн хүнсний улаан буудай, 10 мянга хүртэл тонн үрийн улаан буудайг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт бүхий хууль өнөөдөр /2017.11.30/ батлагдлаа. “Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хууль батлагдсанаар дутагдалтай  байгаа 51 мянган тонн хүчит тэжээлийг импортоор авах болон шаардлагатай байгаа 225 мянган тн улаан буудайг импортлон авч малчдад хямд өвс тэжээл очих мөн  гурилын үнийг тогтвортой байлгах бодлогын алхам хийгдлээ .  

Гаалийн болон нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн импортын өвс тэжээлийг аймгуудын малын тоо, хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг нь тодорхойлж улсын хэмжээнд түгээх юм. Үүний бэлтгэл ажлыг сайтар хангах үйл ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайд үүрэгдэж, энэ үйл ажиллагаанд салбарын яам бүх хүн хүчээ дайчлан ажиллах, 12-р сарын дунд хугацаанаас хэтрэлгүй аймгуудад хүргэж, малчдын гарт очих ёстой гэсэн чиглэлийг яамныхаа газар, хэлтсийнхэнд өглөө.

Импортоор оруулж ирэх өвс, хүчит тэжээлийн үнийн хувьд ОХУ-аас авсан үнэ, тээврийн зардал гээд олон зүйлээс шалтгаалан эцсийн үнэ тогтох ч гаалийн болон нэмүү өртгийн  албан татвараас чөлөөлөгдөж хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуй нэгжүүд бодлогын гэрээгээр хүлээсэн үүргээ буюу хямд үнээр малчдад өвс тэжээлийг хүргэх үүрэгтэй юм. Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ малчдын хотонд аль болох хямд өвс, тэжээл хүргэх зорилго тавин ажиллаж байна.